Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Дархан-Уул аймгийн 2016 оны төсвийг тодотгох тухай асуудлыг авч хэлэлцлээ.
Ээлжит бус 12 дугаар хуралдаанд ирвэл зохих 33 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч ирж, 78,8 хувийн ирцтэйгээр хуралдааныг нээв.
Хуралдаанд аймгийн Ерөнхий аудитор, агентлаг, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албад, сумдын удирдлагууд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнууд болон, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо
Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хуралдааныг албан ёсоор нээж, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т "Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон тохиолдолд Засаг дарга тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заасан нь аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх эрх зүйн үндэслэл болж байна” гэв
Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга А.Энхболд: - 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны эдийн засгийн төлөв байдалд тулгуурлан төсвийн орлогын төлөвлөгөөг үүсээд буй бодит байдалд нийцүүлэн орлогын нэр төрөл, зардлын зүйл бүрд шинжилгээ хийж, 2015 оны эцэст төсөв санхүүгийн хэмнэлтийн горим баримтлан ажилласан. Үүсээд байсан эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулан орон нутгийн төсөвт хасах тодотгол хийсэн зэргээс шалтгаалан, хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ төлөвлөсөн ажлуудыг гүйцээх, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх боломж олгож байна хэмээн онцолж байлаа
"Аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай” илтгэлийг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан тавьсан юм.
Аймгийн Аудитын газар нь Төрийн Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т "Орон нутгийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал боловсруулж аймаг, нийслэлийн ИТХ-д оруулах” гэж заасны дагуу аймгийн ЗДТГ-ын гэрээт ажилтны цалин, НДШ-ийг хасах, НААҮГазрын хэмнэгдсэн зарлагын дүнгээр төсөвт зохицуулалт хийх, 2016 онд УИХ-аас баталсан санхүүжилтуудыг нэмэгдүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн санал орууллаа
Аймгийн Засаг даргын илтгэл, аудитын газрын дүгнэлттэй танилцсаны дараагаар хурлын Төлөөлөгчид тодотголтой холбоотой асуулт асууж, санал шүүмжлэл өрнүүлсэн юм
Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 12 дугаар хуралдаанаар 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг17753,8 сая, зарлагыг19018.5 сая, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг1066.6 сая, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг601.8 сая, орон нутгийн хөгжлийн санг4722.7 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг30273.8саятөгрөгөөр батлав