|

Дархан-Уул аймаг төсөвөө тодотголоо

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаан болов.

Хуралдаанаар тус аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийг сонгох Дархан сумын 7, 13, Өргөө багуудын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Д.Амарсанаа, Э.Азжаргал, Б.Ганпүрэв нарын бүрэн эрхийг зөвшөөрч төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Мөн Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Тамир, Монгол Ардын намаас аймгийн ИТХ-д Хонгор сумаас нэр дэвшиж сонгогдсон Н.Лхагвасүрэн нарыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлж Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшсэн Б.Мягмардаш, аймгийн ИТХ-д Хонгор сумаас нэр дэвшсэн Н.Мөнхдаш нарын бүрэн эрхийг зөвшөөрлөө. 

Түүнчлэн аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн 2015 оны ажлын тайлан, 2016 оны үйл ажиллагааны зорилтыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ танилцууллаа. 2015 оныг аймгийн хэмжээнд "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, нийгэм соёл, бүтээн байгуулалтын ажилд хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих жил” болгон зарласан. Харин нутгийн өөрөө удирдах байгууллагуудын тухайд аймгийн ИТХ-ын хороодын ажлыг тогтмолжуулах аливаа бодлого шийдвэр гаргахдаа төлөөллийн болон шууд ардчиллын зарчимд тулгуурлан иргэдээсээ асууж, иргэдээ сонсож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, чиглэлийг баримталж ажиллах зорилтыг дэвшүүлж ажилласан байна. Дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нийт 6 бүлэг, 89 ажил төлөвлөн хэрэгжүүлж ажилласан байна. Хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс 2015 онд хийсэн ажил, дэвшүүлсэн зорилтын биелэлтийг "Хангалттай”  гэж үнэллээ. 2016 онд дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгалаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 2013 оны нэгдүгээр сараас 2015 оны 11 сар хүртэлх хугацааны байдлаар 82.13 хувийн биелэлттэй 4.11 онооны үнэлгээтэй байна гэв. Засаг даргын хөтөлбөрийг хэрэгжүүлбэл зохих 333 арга хэмжээнээс 278 нь хангалттай хэвийн хэрэгжиж байгаа бол 55 арга хэмжээний хэрэгжилт нь хангалтгүй байгаа тухай аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн Хяналт, Шинжилгээ үнэлгээний тасгийн дарга Д.Сэлэнгэ танилцууллаа. Хуралдаанаас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Хангалттай хэмээн дүгнэж цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж бүрэн хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга А.Энхболдод даалгав. 

Хуралдаан 2015 оны тодотгосон төсвийг хэлэлцээд орлогыг 16734.4 сая, зарлагыг 16900.2 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1264.4 сая, орон нутгийн хөгжлийн санг 4439.5 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 30273.8 сая төгрөгөөр тус тус баталлаа. Харин 2016 оны төсвийн хувьд УИХ-аас батлагдаж ирсэн суурь тоонд судалгаа хийж орлогыг нийтэд нь 3,1 тэрбум төгрөгөөр, зарлагыг 2,9 тэрбум төгрөгөөр төсөвлөж баталлаа. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Батбаяр, Б.Даваасамбуу, Г.Эрдэнэбат нарыг тус тус чөлөөлж Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр Д.Амгалан, О.Баттулга, Х.Батбаяр, Б.Мягмардаш, Г.Сүхээ нарыг нөхөн сонгосноор энэ удаагийн хуралдаанаар нийт найман асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Б.Норовсамбуу