Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 3100 гаруй ээжийг "Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор өчигдөр шагнасан. Тэдний төлөөлөл болох 21 эхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Алдарт эх” нэг, хоёрдугаар одонг "Төрийн ордон”-д гардуулсан юм. Тэдний дунд олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, ОУХМ Н.Түвшинбаярын гэргий Б.Оюунбилэг багтаж, Ерөнхийлөгчөөс одон гардан авлаа.
Тэрбээр өнгөрсөн онд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан. Ийнхүү аваргынх хоёр хүү, хоёр охинтой болж, гэргий нь алдарт эхийн одон гардав.
Дашрамд сонирхуулахад өчигдөр буюу зургадугаар сарын 1-нд Н.Түвшинбаяр аваргын төрсөн өдөр тохиодог. Тэгвэл өчигдөр тэдний гэр бүлд давхар баяр тохиожээ.