|

Банкны салбарын дээд шагнал “Хаш эрдэнийн одон”-г ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа хүртлээ

Монголын банкны холбоо (МБХ)-ны ээлжит ХIX чуулган, “Хаш эрдэнийн одон” гардуулах ёслол 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр боллоо. МБХ нь салбарын мэргэжлийн холбоо болохын хувьд 2013 оноос Монгол Улсын банк, санхүүгийн салбарын даацтай хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлж, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, банк, санхүүгийн салбарын удирдах ажилтанг тодруулан МБХ-ны Дээд шагнал “Хаш эрдэнийн одон”-г гардуулж эхэлсэн билээ.

Банкны салбарын дээд шагнал болох 14 дэх удаагийн “Хаш эрдэнийн одон”-гийн эзнээр энэ жил ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тодорлоо. Банк санхүүгийн үйлчилгээг цахимжуулах, харилцагчдын хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, тогтвортой хөгжилд манлайлж, ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, сайн туршлагыг нутагшуулах зэрэг бүхий л үзүүлэлтээр ХААН Банк салбартаа манлайлж буйд Р.Мөнхтуяа захирлын алсан хараа, манлайлах ур чадвар, мэдлэг, боловсрол хамгийн том нөлөө үзүүлж байна. 2022 онд банкныхаа алсын хараа, эрхэм зорилго тэргүүтнийг шинэчлэн банкныхаа брэндийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж өдгөө Монголын хөрөнгийн зах зээлд байгаагүй хамгийн том IPO-г 2023 онд хийж 2 их наядын үнэлгээтэй хамгийн том банкийг удирдаж буй.

Монголд орчин үеийн банкны тогтолцоо бүрэлдэн төлөвшсөн 30-аад жилд ХААН Банкны өсөн дэвжсэн түүх, басхүү жирийн нягтлан бодогчоос гүйцэтгэх захирал хүртэл дэвшиж чадсан хувь хүний амжилт, хөгжлийн бахархам жишээ билээ.

Тэрбээр ХААН Банканд хэрэгжүүлсэн ололт амжилт, туршлагаа мэргэжил нэгт нөхөд, салбарын бусад байгууллагуудтай хуваалцаж хамтдаа өсөж урагшлахаар Монголын банкны холбоо, Тогтвортой санхүүгийн холбоо, Банк санхүүгийн академи, Тэрбум мод сан зэрэг мэргэжлийн холбоод, ТББ-ын удирдах зөвлөлд идэвх санаачилгатай ажиллаж, стратегийн түвшинд чиглүүлэн салбараа нэгтгэн ажиллаж байна.

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан, МБХ-ноос “Хаш эрдэнийн одон”-гийн энгэрийн тэмдгийг бүтээлгэн, өмнөх жилүүдэд тус одонг авсан хүндэт эрхмүүдийг тайзнаа урьж, гардуулав.

Ёслолын үеэр мөн төрийн дээд одон медаль, шагнал гардуулах үйл ажиллагаа болж, “Алтангадас одон”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, УИХ-ын гишүүн, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал асан, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбооны Гүйцэтгэх захирал асан Б.Найдалаад, түүний банк, санхүүгийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, гардуулж өгсөн юм.

Банкны салбарын шилдгийн шилдгүүдийг тодруулдаг 14 дэх удаагийн “Шилдэг банкир” шагналыг уламжлал ёсоор дараах банкируудад олгов;

  • Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга,
  • Төрийн банкны Мэдээллийн аюулгүй байдлын менежер Н.Мөнхбат,
  • Хасбанкны Лизингийн газрын захирал Д.Мөнхзул,
  • ХААН Банкны Орон нутгийн иргэдийн банкны газрын захирал Р.Ичинноров,
  • Худалдаа, хөгжлийн банкны Дотоод аудитын газрын захирал Ч.Лхагвасүрэн,
  • Ариг банкны Дижитал банкны газрын захирал Б.Мандуул,
  • Богд банкны Хөрөнгө зохицуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Э.Ган-Эрдэнэ,
  • Капитрон банкны Дотоод аудитын газрын захирал бөгөөд Ерөнхий аудитор Х.Ариунтуяа,
  • М Банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Сансар,
  • Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр,
  • Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Д.Оролзод,
  • Хадгаламжийн даатгалын корпорацийн Тамгын хэлтсийн захирал Б.Амарбилэг,
  • Хайпэй ХХК-ийн Мэдээллийн технологи хариуцсан захирал А.Наранбаатар.

Түүнчлэн, МБХ-ны үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож, банкны салбарын хөгжил, манлайлалд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан дараах хүмүүст МБХ-ны нэрэмжит Талархал гардууллаа;

  • Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын захирал Л.Сонор,
  • Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа,
  • Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц,
  • Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирал, МБХ-ны Харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлийн дарга П.Баялагсүрэн,
  • Банк санхүүгийн академийн Ахлах судлаач Ч.Сосорбарм.

Жил бүрийн 12 дугаар сард болдог МБХ-ны чуулганы үеэр Монголын банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийг хэлэлцэж, цаашид хийгдэх ажлуудын талаар санал бодлоо хуваалцдаг уламжлалтай. Мөн чуулган нь МБХ-ны эрх барих дээд бүтэц бөгөөд удирдлагын багийн бүрэн эрхийн хугацааг баталгаажуулдаг юм. Ийнхүү ирэх жил МБХ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Дэд ерөнхийлөгч, Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Дэд ерөнхийлөгч, Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул, Дэд ерөнхийлөгч, Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар нар үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.

Мөн энэ жилийн чуулганы үеэр МБХ-ны харъяа байгууллага Банк санхүүгийн академийн бүх гишүүдийн хурал зохион байгуулагдсан бол ёслолын үеэр Тэрбум мод сангийн “Шилдэг дэмжигч байгууллага”-ыг тодруулах ёслол болж Голомт банк шалгарсан.

МБХ-ны нийт гишүүн байгууллагууддаа болон шагнал хүртсэн салбарын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, амжилтын дээдийг хүсэхийг ялдамд, ирж буй ондоо бидний хамтын ажиллагаа улам дэвжихийн ерөөлийг өргөе.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО