
Хүний эрхийн үндэсний комисс “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулжээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Прокукорын газарт ажиллан, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх явц дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон байна. Энэ үеэр прокурорын байгууллагаас “Зорчих эрхийг хязгаарлахад цахим гав ашиглаж байгаа. Цахим гав зүүж буй хүмүүсийн гар зай хураагуураас нь үүдэлтэй шархлах тохиолдол гарах боллоо. Мөн тухайн хүн зүүх гавынхаа төлбөрийг өөрөө төлдөг учир давхар шийтгүүлж байна” гэв. Тус аймагт хүүхэд мансуурсан, ахуйн хэрэглээний газ үнэрлэж амиа алдсан тохиолдол гарчээ. Түүнчлэн иргэдийн шилжилт, суурьшилтай холбоотойгоор гэмт хэрэг 30-42 хувиар өсөж, цагдаагийн байгууллагын ачаалал нэмэгдсэн” аж.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахимаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах туршилт хийсэн байна. Цаашид энэ туршлагыг хэрэгжүүлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаг хэмнэх үр дүнтэй болохыг прокурорууд хэлжээ. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд тус тусад нь прокурорын хяналт тавих, дагнасан, мэргэшсэн прокурортой болохоор ажиллаж буйг ХЭҮК-оос сайшаасан юм.