“Ростех” ашигтай хэлцэл хийжээ
"Ростех”: Зэсийн үнийн оргил жилүүдэд ч "Эрдэнэт”-ээс авах Оросын талын ноогдол ашиг 20 сая ам.доллараас хэтэрдэггүй байсан. Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын үйлдвэр болсныг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ. Монгол Улс "Эрдэнэт” үйлдвэрийн 51, ОХУ-ын "Ростех” корпораци 49 хувийг эзэмшиж ирсэн бол "Ростех”-тэй хийсэн хэлцлийн дүнд Монгол Улс цаашид "Эрдэнэт”-ийн 51 хувиа эзэмшиж, Монголын компани 49 хувийг нь эзэмших болж байна. Манай талаас Худалдаа, хөгжлийн банкийг төлөөлж "Монголын зэс” компани 49 хувийг нь Мягмар гарагийн орой Ерөнхий сайдын танилцуулсан эл мэдээлэл энэ өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Эерэг, сөрөг олон байр суурь байгаагаас Монголын компани "Эрдэнэт”-ийн 49 хувийг 500 сая ам.доллараар хямдхан худалдаж авлаа гэх байр суурь содон сонсогдож байна. Задалж анзаарахыг оролдъё. "Ростех” ОХУ-ын төрийн өмчийн компани. 2025 он хүртэлх компанийг хөгжүүлэх стратегийн хүрээнд санхүүгийн нөөц бүрдүүлэх зорилгоор ийнхүү "Эрдэнэт”-ийн хувиар худалдахаар шийдвэрлэснийг "Ростех”-ийн дотоод эх сурвалж ОХУ-ын "Коммерсантъ”-д мэдээлээд, "уул уурхайн бодит секторын хувьд энэ нь маш том хэлцэл боллоо” хэмээн тодотгожээ. "Ростех” 2012 онд "ВСМПО-Ависма” корпорацийнхаа 45 хувийг 181 сая ам.доллараар худалдаж байв. "ВСМПО-Ависма” бол дэлхийн титаны хамгийн том үйлдвэрлэгч төдийгүй "Boeing”, "Airbus”-ын агаарын хөлгийн титаны гол нийлүүлэгч юм. Их Британийн "Rolls Royce” мөн "ВСМПО-Ависма”- тай титан худалдаж авах 300 сая ам.долларын хэлцэл байгуулсан талаар урьд нь хэвлэлээр мэдээлж байсан билээ. Тиймээс Монголын талд "Эрдэнэт”-ийг 500 сая ам.доллар хүргэсэн нь Оросын талд тун ашигтай хэлцэл гэж харагдахаар байна. ""Эрдэнэт”-ийн 49 хувийг 500 сая ам.доллараар худалдсан нь маш сайн хэлцэл юм. Зэсийн үнийн оргил жилүүдэд ч "Эрдэнэт”-ээс авах Оросын талын ноогдол ашиг 20 сая ам.доллараас хэтэрдэггүй байсан” хэмээн "Ростех”-ийн эх сурвалж "Коммерсантъ”-д ярьжээ. Оросууд монголчуудыг өрөвдөөд өөрийн аж ахуйн нэгжээ хямдхан зарахгүй гэдэг нь ойлгомжтой билээ. Зэс, молибдений "Эрдэнэт” үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг ба 2015 оны байдлаар "Монголросцветмет”, "Эрдэнэт” үйлдвэрийн нийт ашиг нь 4.6 сая ам.доллартай тэнцжээ.