Аймгийн Засаг даргын санаачилгаар "Нийгмийн үйлчилгээг танд” сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд аймгийн удирдлагууд "Шонхоодой” ардын циркийн хүүхэд багачуудыг хүлээн авч уулзав.
Тус циркийн багш Т.Төмөр орц хонгилд амьдрах , хичээл сургууль завсардсан амжиргааны баталгаажих түвшнээс доогуур айл өрхийн хүүхдүүдийг циркийн урлагаар хүмүүжүүлж амжилт гаргасан явдалд аймаг орон нутгийн удирдлагууд талархаж байгааг илэрхийлэв.
Зорилтот бүлгийн иргэд рүү хандсан аяны хүрээнд тус циркийн авъяаслаг сурагчдад туслах зорилгоор АНУ-ын иргэн Жон Кофф хувийн зүгээс хүүхдүүдэд тоглолтын хувцасны материал, дулаан хувцас, хоол тэжээлийн тусламж дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын алба хаагчид тус циркийн жүжигчин Б.Сайханбаяр хүүгийн эмчилгээнд зориулж 200.000 төгрөг хандивлажээ.
Шонхоодой ардын циркэд 5-18 насны 30 хүүхэд хамрагдаж циркийн урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна. Тус уулзалтын үеэр циркийн багш Я.Батцэцэг "Аймгийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав. Аймгийн удирдлагууд Дархан хотынхоо нэрийг дуурсгаж яваа авъяаслаг хүүхэд залуусыг үргэлж дэмжин ажиллана гэдгийг уулзалтын төгсгөлд онцлон хэлэв.