Хүйтний улиралтай золгох гэж байгаа тул Дарханчууд бид өвлийн бэлтгэл ажилдаа ороод сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2016.09.07/ аймгийн Захирагчийн алба, "Дархан дулааны сүлжээ” ТӨХК, Сууц өмчлөгчдийн холбоод хамтран гурвалсан гэрээ хийлээ. Тус гэрээнд "Дархан дулааны сүлжээ” ТӨХК-иас СӨХ-дод мэргэжлийн засвар үйлчилгээг 40-90 хувийн хямдралтайгаар хийж гүйцэтгэхээр заасан байна. Түүнчлэн шугам хоолойн цэвэрлэгээ, цооролтыг нөхөх зэрэг зарим засварыг үнэ төлбөргүй хийхээр болжээ.
Өмнө нь "Дархан дулааны сүлжээ” ТӨХК-иас СӨХ-д ямар нэгэн засвар үйлчилгээг үзүүлэхдээ бусад ААНБ-д мөрддөг үнийн тарифаараа үйлчилдэг байсан бол дээрх гэрээ хийгдсэнээр халаалт тараах шугам солих, хомут, заглушка тавих, хаалт солих, шугамд дулаалга хийх зэрэг 20 гаруй засвар үйлчилгээг ажлын, ажлын бус цагаар хэмээн ангилан 2000 -12000 төгрөгийн хооронд үнийг тогтоож өгсөн байна. Ингэснээр СӨХ-д шугам хоолойн гэмтлээ цаг алдалгүй мэргэжлийн байгууллагаар засварлуулж, урьдын жилүүдэд тулгардаг байсан орцноос уур савсах, ямар нэгэн эвгүй үнэр үнэртэх зэрэг бэрхшээлүүд үгүй болно хэмээн холбогдох мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ үеэр орон сууцны оршин суугчид ч мөн СӨХ-ны ажлыг сайн ойлгодоггүй, сарын хураамжаа цаг тухайд нь төлдөггүй, орон сууцныхаа нийтийн эзэмшлийн талбайд хүний сэтгэлээр ханддаг зэрэг асуудлууд ч хөндөгдөж байлаа. Иймд иргэд та бүхэн нийтийн эзэмшлийн талбайгаа хайрлан хамгаалах нь чухал байна.Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Захирагчийн алба, СӨХ, "Дархан Ус суваг” ХК хамтран мөн гурвалсан гэрээг хийхээр төлөвлөсөн тухай аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх мэдээллэв.
2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Захирагчийн албанаас "Дархан дулааны сүлжээ” ТӨХК, "Дархан Ус суваг” ХК, СӨХ, Хөдөлмөрийн хэлтэс, Мал эмнэлэг үржлийн тасагтай хамтран нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхрыг цэвэрлэх, хортон шавьж устгах, шугам сүлжээ засварлах зэрэг ажлуудыг төлөвлөн, хэрэгжилтийг эхлүүлээд байгаа юм.