15 дугаар багт том оврын автобус үйлчилж эхэллээ

 

Дархан-Уул аймгийн алслагдмал, төвлөрөл ихтэй багуудын нэг болох 15 дугаар багийн иргэдийн хүсэлтээр том оврын автобусыг өнөөдрөөс /2016.10.24/ эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэллээ.

Тус багт 8000 гаруй иргэн оршин суудаг. Тэдгээр иргэдийн өмнө нь тулгамдаж байсан асуудлын нэг бол нийтийн тээврийн үйлчилгээ байсан юм. Энэ асуудлаар аймаг, сумын удирдлагууд холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны дүнд тус чиглэлд "Элит хөгжил” ХХК-ийн том оврын дөрвөн автобус туршилтын журмаар иргэдэд үйлчилж эхлээд байна.

Тус автобус 15 минутын зайтайгаар эргэх бөгөөд эцсийн буудал болох Ховдын хорооллоос Дархан зах хүртэл явах бөгөөд үнийн хувьд том хүн 300 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих боломжтой. Өмнө нь 15 дугаар багийн иргэд хуучин Дархан хүртэл хоёр дамжиж 1000 төгрөгийг зарлагаддаг байсан бол том оврын автобус нийтийн тээвэрт үйлчилснээр 300 төгрөгөөр зорчих боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн тэтгэврийн насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.

Ийнхүү иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг аймаг, сумын удирдлагууд төр хувийн хэвшилтэй хамтран шийдвэрлэн хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь энэ болж байна. "Элит хөгжил” ХХК нь2013 оноос эхлэн Дархан хотод нийтийн тээвэрт том оврын автобусаар Ширээ нуруу, Хөтөл хороолол гэсэн үндсэн хоёр чиглэлд үйлчилж байсан бол өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу алслагдсан гэр хорооллын хүүхэд, сурагчдыг аюулгүй тээвэрлэх хүрээнд сурагчдын автобусаар дөрвөн чиглэлд үйлчилж байгаа юм. Эдгээрнийтийн тээврийн үйлчилгээнд 2013 оноос хойш давхардсан тоогоор 700 гаруй мянган иргэн үйлчлүүлсэн байна.

Харин өнөөдөр том оврын автобусны шугамыг өргөтгөн 15 дугаар багт шинэ шугам нээснээр Дархан сумын хэмжээнд дөрвөн хүүхдийн автобус, том оврын 21 автобус нийт дөрвөн чиглэлд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг хангахын тулд үйлчилж байна.

М.Гүнжилхам