|

Далайн гүнээс олдсон 10 хачирхалтай олдвор

 
Дорньер бөмбөгдөгч
 

Дорньер 17 хэмээх стратегийн бөмбөгдөгч онгоцыг нацист Герман 1934 оноос эхлэн үйлдвэрлэсэн ба нийтдээ 2000 орчмыг үйлдвэрээс гаргасан аж. Энэ бөмбөгдөгчийг 1950-иад оны эхэн үе хүртэл Финляндын нисэх хүчинд ашиглаж байв. Үүнээс хойш дэлхийн аль ч улсын агаарын хүчний зэвсэглэлээс хасагдсан Дорньер нь бараг л түүхийн ховор дурсгал болж хувирчээ. 2008 онд Английн шумбагчид Их Британийн Кентийн орчмын тэнгисийн гүнээс Дорньер бөмбөгдөгчийн нэгийг олж улмаар судлаачдын баг 600 мянган евро зарцуулж байж эх газарт гаргаж, 1940 оны наймдугаар сарын 26-ны өдрийн агаарын тулаанаар хүнд гэмтэл авч тэнгист унасныг тодруулж чадсан байна. Нэгэн цагт Европын тэнгэрийг эзэгнэж Франц, Английг бөмбөгдөж явсан энэ онгоц одоо Хойд Лондонд орших агаарын цэргийн музейд үнэтэй үзмэр болон хадгалагджээ.

Улубурун хөлөг онгоцны сэг

МЭӨ 14-р зууны үед буюу хүрэл зэвсгийн сүүл үеийн энэхүү хөлөг онгоцны сэгийг Туркийн баруун өмнөд нутагт орших Бодрум тосгоны ойролцоох тэнгисийн гүнээс олжээ. 10 мянган тонн зэс, эртний Египетийн үнэт эдлэлүүд, зааны яс, итали сэлэм зэрэг түүхийн нэн ховор олдворууд энэ онгоцтой хамт олджээ.Энэ явдал 1982 онд болсон бөгөөд судалгаа шинжилгээний багийнхан 1984-1994 оны хооронд 22 мянга гаруй удаа шумбалт хийжэнэхүү эртний хөлөг онгоцны үлдэгдлийг эх газарт гаргаж өнөөгийн түүхийн асар үнэтэй ховор олдвор хэмээн тодорхойлсон байна. Scientific American сэтгүүл энэхүү эртний живсэн онгоцны сэг бүхий олдворыг манай гаригийн усан доорх хамгийн үнэ цэнэтэй 10 олдворын нэгээр нэрлэсэн байдаг.

Тус бүртээ гурван араг ястай машинууд

2013 оны есдүгээр сард Америкийн хэвлэлүүдийн анхаарлыг Оклахома нуурын ёроолоос олдсон хоёр машин зүй ёсоор татаж байлаа. 1969 оны Шевролет Камаро болон 1950 оны Шевролет маркийн хоёр машиныг цагдаа нар орчин үеийн өндөр мэдрэмжит дуу авианы локатор туршиж байсан шумбагчдын тусламжтайгаар илрүүлж нуурын мандалд татан гаргасан юм. Машин бүрт гурван хүний араг яс байсан нь олныг гайхашруулсан ба эцэст нь цагдаа нар ДНК-гаар нь хэн болохыг нь тогтоосноор хэргийн учир тодорхой болсон юм. 1969 оны Шевролет Комаро машинд өсвөр насны гурван хүү болох Жимми Аллен Уиллиамс, Томас Риос, Гэйл Жонсон нар сууж явсныг цагдаа нар тогтоож тэд хөлбөмбөгийн тоглолт үзээд буцаж явахдаа нуурын эргийн ойролцоох замд осолдож усанд живсэн болохыг тогтоожээ. Тэгвэл ослын буруутан болсон 1950 оны Шевролет машинд 58 настай Нора Данкан болон түүний найзууд болох Альви Портер, Клейборн Хаммок нар сууж явсан ба дээр дурдсанчлан нуурын эргийн замаар шөнийн цагаар өндөр хурдтай явж байгаад мөргөлдөж нуурын налуу эрэг рүү унасан хэмээн цагдаа нар таамаглажээ. Тэр үед эдгээр хүмүүсийг ор сураггүй алга болсонд тооцож эрэл хайгуул явуулсан ч олж чадаагүй аж. Ийнхүү 40 жилийн дараа л сая нэг тэднийг олж золгүй ослоор нас барсанд тооцжээ.

Махрата хөлөг онгоц

Их Британичууд түүхэндээ хоёр ч удаа Махрата нэртэй хөлөг онгоц үйлдвэрлэсэн бөгөөд хоёул тэнгисийн гүнд живж одсон аж. Анх 1891 онд үйлдвэрлэсэн Махрата хэмэх аварга том уурын зуухаар ажилладаг хөлөг онгоц Энэтхэгийн Калькуттагаас Лондонгийн хооронд ачаа бараа, зорчигч тээвэрлэдэг байжээ. Энэ онгоц 1907 онд хайргадсаны улмаас осолдож улмаар живсэн юм. Тэгвэл хоёр дахь Махратаг англичууд 1917 онд үйлдвэрлэсэн хэдий ч 1939 онд мөн л хайргадсаны улмаас Кентийн ойролцоох Гүүдвин Сэндсийн эрэгт живсэн. Ер нь Гүүдвин Сэндсийг живсэн хөлөг онгоцны эх орон гэж нэрлэдэг бөгөөд одоог хүртэл тэр хавьд живсэн 1000 орчим хөлөг онгоцны сэгийг илрүүлж амжаагүй аж. Тэгвэл сүүлийн Махратаг 2008 онд англичууд далайн гүнээс илрүүлэхдээ хоёр дахь Махаратта нь эхний Махараттагийн сэгэнд тээглээд хайрагдсаныг олж мэдсэн гэдэг.

Сөнөөгч Ф4

Филиппиний нутаг дэвсгэр, Субик тохой гэдэг газрын ойролцоох далайн ёроолоос шумбагчид нэгэн нисэх онгоцны сэг олж илрүүлжээ. Түүнийг татан гаргаж судалгаа хийсний дараа АНУ-д үйлдвэрлэсэн "Ф4” хэмээх сөнөөгч, дайрагч онгоц болохыг тогтоожээ. Гэсэн ч эрдэмтэд судлаачдын дунд нэгэн таавар одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр байгаа юм. Онгоцыг олсон газарт дэлхийн хоёрдугаар дайны үед Японы арми болон Холбоотны хүчний хооронд агаарт, тэнгист ширүүн тулаан явагдсан байдаг. Тиймээс тэр үеийн буюу Дэлхийн II дайны үеийн онгоцнуудын сэг зэм олдох нь элбэг. Харин Ф4 бол 1958-1981 оны хооронд үйлдвэрлэж зэвсэглэлд ашиглаж байсан онгоц юм. АНУ-ын цэргийн түүхэнд тэмдэглэгдээгүй үлдсэн энэ онгоцны осол болон юунаас болж Ф4 сөнөөгчийг Субик тохойд живснийг эрдэмтэд одоог хэр хариуг нь олоогүй л байгаа гэнэ. Аргаа бараад ийм таамаглал гаргажээ. 1967 онд Вьетнамын дайны үед АНУ-ын нисэх онгоц тээгч Форрестал онгоцонд гал гарсны улмаас цуврал хүчтэй дэлбэрэлтүүд болж 134 усан цэрэг амиа алдаж 161 усан цэрэг шархдаж байжээ. Энэ үеэр уг онгоц дээр явсан долоон ширхэг Ф4 онгоц галд өртсөн байдаг. Магадгүй тэдний нэг байж болох талтай ч Форрестал Субик тохойд хамгийн ойртоо 50 км-ын зайд л ойртсон аж.

Аварга том шумбагч

Их Наран улсад дэлхийн II дайны үед үйлдвэрлэсэн аварга том I-400 шумбагчийг 2013 онд Хавайн арлын ойролцоогоос олжээ. Сөнөсөн шумбагч 700 гаруй метр урттай бөгөөд 1960 онд америкчууд цөмийн шумбагч онгоцуудаа үйлдвэрлэтэл дэлхийн хамгийн том шумбагч онгоцонд тооцогдож байсан юм. Уг шумбагч нь Номхон далайн арлуудад АНУ-тай ширүүн дайн хийж байсан өөрийн армид эх газраас шатахуун, зэвсэг техник зөөвөрлөдөг байсан юм. Арлаас арлын хооронд ачаа тээвэрлэдэг байсан шумбагчийн хамгийн сүүлийн даалгавар АНУ-ын эргийн хотууд руу довтлох операцид оролцох явдал байлаа. Гэсэн ч дайсны ар талд гарч довтлох даалгавар биелсэнгүй аварга шумбагч олзлогдсон байдаг. Харин 1946 онд холбоотны хувьд Зөвлөлтийн зүгээс японы шумбагчийг судлах хүсэлт гаргахад америкчууд Орост нууцыг өгөхгүй гээд торпедоор буудан живүүлснийг ийнхүү 2013 онд Хавайгаас илрүүлж олонд нээлттэй болгожээ.

Тэнгисийн гүнд галт ч тэрэг бий

1985 онд АНУ-ын тэнгисийн гүний судлаач Пол Хелперийн удирдсан экспедицийн соронзон хэмжүүр аварга том металл биетийг илрүүлжээ. Тэд эхлээд сөнөсөн хөлөг онгоц оллоо хэмээж байсан ч эцэст нь өөрсдийн илрүүлсэн "аварга төмөр”-ийг хараад жинхнээсээ цочирджээ. Тэр нь газрын гадарга дээр л явдаг галт тэрэг байсан юм. 1850-иад оны үед үйлдвэрлэсэн хоёр уурын галт тэрэг нь тус бүртээ 27.5 метрийн урттай аж. Тэдгээрийг хөлөг онгоцоор нэг тийш нь тээвэрлэж явсан ч эцэст нь золгүй явдал тохиолдсон бололтой. Гэсэн хэдий ч тээвэрлэж явсан онгоцны сэг нь олдоогүйг бодоход хоёр аварга төмрийг тэнгист бэлэглэхээс өөр аргагүй болсон хэмээн судлаачид тааварлажээ.

Алдагдсан суварга

Энэтхэгийн Тамил Наду мужид эртний Махабалипурамын нэгэн суварга байдаг. Ард иргэдийн дунд эртний хүмүүс ийм суварга долоог барьж босгосон ч тэдэнд атаархсан бурхад хилэгнэж зургааг нь тэнгисийн ус залгин одсон хэмээх домог байдаг гэнэ. Харин түүхч, судлаачид МЭӨ Өмнөд Энэтхэгийн Паллава улсын боомт хот байсан энэ газарт ганц л суварга эртнээс нааш байсаар ирсэн хэмээн батладаг. Гэвч домог яриа үнэний ортой болохыг далай тэнгис баталсан юм. 2004 оны Өмнөд Азийн орнуудыг нэрвэсэн цунамийн үеэр хүмүүс нэгэн гайхамшгийг харсан юм. Далайн эргийн догширсон ус түрлэгээ даган 500 гаруй метр татарсан үед хүмүүс усан дундаас Махабалипурамын суварга тай яг адилхныг орой нь цухуйж байхыг харжээ. Ингээд цунамийн дараа жинхэнэ шуугиан дэгдэж олон орны эрдэмтдийн экспедиц далайн ёроолд орсон суваргыг судлаж эхэлжээ.

Аялагч Сфинкс
 

2014 оны эхээр далай тэнгисийн гүнд судалгаа, эрэл хайгуул хийдэг археологичид Багамын арлуудын орчим эртний египетийн хүн толгойтой, арслан биетэй үлгэр домгийн амьтан буюу сфинксийн хөшөөг олжээ. Эхэн үедээ энэ чулуун хөшөөг дууриамал хэмээж байсан ч нарийн судалгаа хийсний эцэст яах аргагүй 2500 жилийн өмнө эртний Египетээс гаралтай жинхэнэ сфинкс болохыг тодруулжээ. Гэсэн ч ийм алс холын далайн аялалд гарах учиргүй эртний египетчүүд ямар учраас Өмнөд Америкийг зорин сфинксээ тээвэрлэн хөвж зорилгоор Карибын тэнгис хүртэл явсныг эрдэмтэд огтхон ч тааварлаж чадахгүй байгаа юм. Магадгүй эртний ертөнцийн тухай египетийн үлгэр домгуудад дурдсан хачин жигтэй явдлууд л энэ оньсогын түлхүүр болох бизээ.

Домгоос төрсөн хот

Эртний грекчүүд Гераклион, египетчүүд Фонис гэж нэрлэдэг байсны домгийн хотыг Египетийн эргийн ойролцоох Абукирийн буланд 2000 онд илрүүлжээ. Үлгэр домогт л байдаг хэмээн итгэдэг байсан хотыг бодит болохыг баталсан энэ агуу олдвороос хойш хүн төрөлхтөн далай тэнгисийн ёроолоос дахин ийм хэмжээний гайхамшгийг илрүүлж амжаагүй л байна. Хотыг 1200 жилийн турш лаг шаварт дарагдан далдлагдсан гэж судлаачид үзэж байна. Магадгүй тэнгисийн гүн дэх домгийн хотыг бүрэн судлаж шинжлэхэд даруй 200 гаруй жил шаардагдана хэмээн эрдэмтэд үзэж байгаа ажээ. Учир нь тэнд эртний хотод байдаг юм бүхэн яг тэр хэвээрээ байгаа аж.