Хоёр жил дамнан яригдсан Олон улсын валютын сантай хийсэн Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр өнгөрсөн сард урьдчилсан байдлаар эцэслэгдсэн. Улмаар манай улс Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд 440 орчим сая ам.долларын зээлийн шугам нээгдэх учиртай. Мөн 36 сарын хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэж байгаа юм.
Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон донор орнууд гурван тэрбум хүртэл ам.долларын төсвийн болон төслийн дэмжлэг үзүүлэхээ урьдчилсан байдлаар илэрхийлээд буй. Үүнээс гадна хөрш орнууд ч Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гарахад дэмжлэг үзүүлэхээр болсноо дуулгасан юм.
Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулах нь Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголоос хамаарч. байгаа юм. Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагыг тусгаж, Монгол Улсын Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүллээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч МАН-ын Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргаж, ирэх хаврын чуулганы эхэнд хэлэлцэх аж.
Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрт хамрагдахын тулд төсвийн орлогоо нэмэгдүүлж, зардлаа танахын тулд хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, төсвийн сахилга батыг сайжруудах юм. Энэ хүрээнд хүлээгдэж байсанчлан зарим татварыг нэмэгдүүлж, зардал танах арга хэмжээнүүдийг тусгасан байна.
Харин орлого өсгөхөөр зургаан төрлийн татвар нэмэгдүүлэхээр тусгажээ. Тухайлбал, архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар, автобензин, дизель түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх аж. Мөн суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар төсвийн тодотголд тусгажээ.
Харин төсвийн зардал бууруулахын тулд эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах, тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх аж. Үүнээс гадна ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгажээ. Түүнчлэн хүүхдийи мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх, эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөө бүхий шинээр баталсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.
Өргөн мэдүүлсэн төсөлд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь буюу хоёр их наяд 774.1 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард 2017 оны төсвийг батлахдаа алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1 хувьд байхаар хуульчилсан байна.
Б.Даваатогтох
[ЗГМ