|

Сэлэнгэ үүлдрйн үхэр

 Сэлэнгэ үүлдрйн үхэр

Казакстан улс, Оросын холбооны улсын Оренбург, Волгаград мужид 1930-аад оноос эхлэн Казак болон нутгийн үхрийг махны чиглэлийн герефорд үхрээр эрлийзжүүлээд 2-3 дахь үеийг "өөр дотор” нь сонгон үржүүлэх аргаар "Казакын цагаан толгойт” үүлдрийн үхрийг буй болгожээ. 


Казакын цагаан толгойт үүлдрээр ойт-хээрийн бүсийн тухайлбал Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Орхон-туул сумын нутаг дахь монгол үхрийг 2-3 дахь үе хүртэл эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийн үхрийг цаашид "өөр дотор” нь шилэн сонгож үржүүлсээр 1980-аад оны дунд үе гэхэд махны чиглэлийн "Сэлэнгэ” үүлдрийн үхрийг буй болгосон. Энэ ажлыг Төрийн шагналт, мал зүйч Р.Жавзмаа удирдсан юм. 


"Сэлэнгэ” үүлдрийн үхэр нь Сэлэнгэ, Булган аймаг, Төв аймгийн хойгуурх сумуудын нутагт тархсан . Энэ үүлдрийн үхрийн тугал 25-30 кг жинтэй төрөх бөгөөд эхлээр бойжуулаад эхээс ялгах үед эр нь 265-330 кг , охин нь 240-280 кг жинтэй байна. 


Сэлэнгэ үүлдрийн нас гүйцсэн бух 550-650 кг, үнээ 380-450 кг жинтэй. Сэлэнгэ үүлдэр болон Казахын цагаан толгойт монголын эрлийз үнээ дунджаар 1200-1500 кг сүүн ашиг шимтэй. Сэлэнгэ болон Сэлэнгэ-Улаан ангусын эрлийз бярууг бэлчээрээр маллаж өвөл хаврын улиралд хоногт 3.0-3.5 тэжээлийн нэгж шимт чанар бүхий 3 кг хүчит тэжээл, 4.0 кг сайн чанарын ногоон өвсөөр нэмж тэжээхэд хоногийн нэмэгдэл жин сэлэнгийнх 600 г, эрлийзийнх 700 г байжээ. 


Ингээд зун, намар нь байгалийн соргог сайн бэлчээрт оторлон таргалуулаад дараа нь 55 хоногийн турш бордохдоо хоногт дунджаар 7-8 кг сайн чанартай ногоон өвс, 4-5 кг тэжээлийн улаан буудай, 80-120 г эрдэс давс буюу 6-8 тэжээл нэгж шимт чанартай тэжээл өгч 2 удаа услаж байжээ. 


Ийнхүү өсгөн бойжуулж, бордсон өсвөр үхрийн нядлагын өмнөх жин сэлэнгийнх 310 кг, эрлийзийнх 341 кг, тураг махны жин сэлэнгийнх 152.8 кг, эрлийзийнх 175.9 кг, нядлагын гарц дотор өөхгүйгээр сэлэнгийнх 50.8%, эрлийзийнх 52.6%, 1 кг ясанд ногдох мах сэлэнгийнх 4.82 кг, эрлийзийнх 5.45 кг байжээ.