|

Хүүхдийн эрхийн ноцтой 7 зөрчил

Биеэ хамгаалж, тэмцэж чаддаггүй болохоороо ээждээ, аавдаа эсвэл томчуудад зодуулж, хүчирхийлүүлж, бүр эцэст нь амиа алддаг нь хүүхдүүд. Зодож, хазаж, чимхэж, заазуурдах, хүчиндэж зовооно. Муу үйл үүгээр дуусахгүй. Бие махбодь төдийгүй сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирох нь ихэссээр байна. Бүр эрх мэдэлтэй, баян чинээлэг хүмүүсийн зугаа цэнгэл болж унаач хүүхдүүд жилд хэдэн арваараа бэртэж гэмтэн, амиа ч алдаж байна. Хүйтний улиралд уралдаан зохион байгуулахыг хориглосон шүүхийн шийдвэрийг Засгийн газар үл ойшоосноос болж хамгийн сүүлд нэг хүүхэд алтан амиа алдлаа. "Монгол Улсын ирээдүй” гэсэн хоосон лоозонгийн ард нуугдсан болсон хүүхдийн эрхийн ноцтой долоон зөрчлийг нэрлэж байна.

1. ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ АМЬ НАСАА АЛДАХ

Тавхан хоногийн өмнө эцгийнхээ гарт гурван хүүхэд амиа алдсан аймшигт хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарав. Дөрөвхөн настай охиноо төрсөн эцэг нь хойд эхтэй нь нийлж зодож хөнөөсөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдээд удаагүй байна. Хоёр жилийн өмнө Сэлэнгэ аймагт сэтгэцийн өвчтэй эмэгтэй хоёр настай хүүгийнхээ хоолойг хэрчиж хөнөөсөн аймшигт хэрэг гарч байв.  Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн тоо 0.1 нэгжээр өссөн. 40 орчим хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн судалгааг ЦЕГ-аас гаргажээ.

2. ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН

Хүйтний улиралд, хамгаалалтын хэрэгсэлгүйгээр хурдан морь унаснаас хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг байгааг ХЭҮК, хүүхдийн төлөөх байгууллагуудаас жил бүр анхааруулах болов. ГССҮТ-ийн мэдээллээр хурдын морины уралдааны үеэр мориноос унасны улмаас жил бүр хоёр хүүхэд амиа алддаг, жилд дунджаар 300-320 хүүхэд унаж бэртдэг. Түүнээс 180-220 хүүхэд хүнд хэлбэрийн бэртэл авч эмнэлэгт хүргэгддэг гэжээ.

3. ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ

Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол жил бүр өсч байна. Замын цагдаагийн албаны судалгаагаар 2013 онд 37 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан бол 2014 онд 48 болж 29.7 хувиар өсчээ. Гэмтсэн хүүхдийн тоо 2013 онд 197 байсан бол жилийн дараа 233 болсон байна. Тэгвэл 2016 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 418 хүний амь нас хохирсноос 48 нь хүүхэд байв. Энэ оны эхний нэг сарын байдлаар гэхэд хүүхэд зам тээврийн осолд өртсөн 27 хэрэг бүртгэгдэж 34 хүүхэд, хүнд хөнгөн гэмтжээ.

4. ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛ-ХАЛУУН ТОГОО

ГССҮТ-өөс гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр 2016 онд түлэгдлээр нас барсан хүмүүсийн 76.5 хувь нь 0-5 насны хүүхэд байжээ. Түлэнхийн тасгийнхан жилд дунджаар 4000-4500 хүн яаралтай тусламж үзүүлдгийн 2500-3500 нь 0-5 насныхан байна. Хүүхдийн түлэгдэл, тэр дундаа халуун тогоотой хоол, цайнд бага насны хүүхэд түлэгдэх явдал хүүхдийн эрхийн хамгийн ноцтой зөрчлийн нэг болоод байна. Халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүдийн ихэнхийн амь насыг аврах боломжгүй байгаа нь харамсалтай. Түлэгдлээр нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байжээ.

5. ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХӨДӨЛМӨР-УУЛ УУРХАЙ

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хүнд хэлбэр нь уул уурхайн салбарт өрнөх болсныг НҮБ-ын Хүүхдийн сангаас тогтоожээ. Үүнээс үүдэн "Өрх толгойлсон хүүхдүүд” гэх нэршил орон нутагт бий болоод байна. Гэр бүлүүд уул уурхайн бүсэд шилжин ирж суурьшсан ч, уурхайд ажиллахаар хүүхдүүдээ урт хугацаагаар харгалзах хүнгүй гэртээ үлдээдэг байна. Тухайлбал, нэг удаа ээлжинд ажиллахдаа хэдэн долоо хоногоор хүүхдүүдээ үлдээх, эсвэл 12 цагийн ээлжинд гарч, хүүхдүүдээ өглөө 04:00 цагт үлдээгээд орой  20:00 цагт буцаж ирдэг. Үүнээс үүдэн хүүхдүүд гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй болдог ажээ.

6. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СУРЧ, БОЛОВСРОХ ЭРХ

Үүний хамгийн тод жишээ нь сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн сурагчдын асуудал юм. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд дохионы хэлээр хичээл сурах, авьяас чадвараа хөгжүүлэх боломжгүйгээр барахгүй багш, удирдлагуудын эрхшээлд байж янз бүрийн хүчирхийлэлд өртсөөр байгаа юм. Үүгээр зогсохгүй харааны бэрхшээлтэй 116 дугаар сургуулийн хүүхдүүдэд ч сурч, боловсрох эрх нь ноцтой зөрчигдсөөр байгаа юм. Түүнчлэн бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч хуулиар олгогдсон сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгааг мэргэжлийн олон байгууллага тогтоожээ.

7. ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ

Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүссэн химийн хорт бодисууд бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байгаа судалгааг хамгийн сүүлд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас танилцуулав. Тус судалгаанд "0-5 насны хүүхдүүдийн цусанд агуулагдах хар тугалгын агууламжийг тогтоохоор нийслэлийн Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс хүүхдүүд сонгон шинжилгээнд хамрууллаа. Хүүхдийн цусанд огт байх ёсгүй хар тугалганы агууламж 22 мкг/дл гарсан. Хар тугалга нь таван мкг/дп-ээс их байвал хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөгийг олон улсын стандартаар тогтоосон. Мөн хүүхдийн цусан дахь хар тугалганы агууламж 45 мкг/дл-ээс их байвал желатин эмчилгээ хийх ёстой гэсэн зөвлөмжтэй. Судалгаагаар орон сууцанд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 3.7 мкг/дп гарсан бол агаарын бохирдол  ихтэй орчин буюу гэр хорооллын бүсээс сонгогдсон хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 10.8 мкг/дл буюу олон улсын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их хэмжээтэй гарсан” гэжээ.

Б.Энхзаяа

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин