Хүүхэд бүрийн тэсэн ядан хүлээдэг "Олон Улсын хүүхдийн баяр” өнөөдөр тохиож байна. Аав ээжийнхээ гараас хөтлөж энэ л өдөр эрх дураараа хүссэнээрээ тоглож цэнгэдэг. Инээд хөөр дагуулсан гэр бүлийн аз жаргалын ч өдөр гэж болно.
Өнөөдөр дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Манай улсын анх 1952 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Энэ өдөр төв талбай дээр болон бусад газруудад хүүхэд багачуудад зориулсан урлаг спортын арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд багачуудын төлөөлөлтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсдог уламжлал тогтоод байгаа билээ.
Харин дэлхий дахинд энэ өдрийг анх 1925 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Тодруулбал, Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас зургаадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдөр дэлхийн 111 орны хүүхдүүд баяраа тэмдэглэж байгаа.
|
ЭНЭТХЭГ УЛСАД Хүүхдийн баярыг жил бүрийн 11-р сарын 14-нд тэмдэглэдэг ба энэ өдрийг сонгосны учир нь Энэтхэгийн ерөнхий сайд асан Jawaharlal Nehru-ийн төрсөн өдөр юм. Тэрээр хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж ард түмнийхээ талархлыг хүлээсэн хүн юм. Энэ өдөр түүний хөшөөнд хүүхдүүд цэцэг өргөдөг байна.
Мөн сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагууд энэ өдөр хүүхдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Ихэнх сургуулиудад соёлын тухай хичээл орж багш нар нь шавь нартаа зориулан дуулж бүжиглэн спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулж өгдөг. Энэтхэгийн Засгийн Газраас нь хүүхдийн кино наадмыг зохион байгуулдаг байна.
ЯПОН УЛСАД Хүүхдийн баярыг 1948 оноос хойш тэмдэглэж ирсэн ба "kodomo no hi” гэж нэрлэдэг. Энэхүү өдөр нь 8-р зууны тэртээх уламжлалаас эхтэй ба жилд 2 удаа тэмдэглэн өнгөрүүлдэг. 5-р сарын 3-ны өдөр охидууд, 5-р сарын 5-нд хөвгүүдийн өдөр гэдэг байна.
Охидуудын өдрөөр "Хүүхэлдэйн фестиваль” болдог ба Японы айл өрхүүд гэрээ "Heian Period” нэртэй хүүхэлдэйгээр чимэглэн "Amazake нэртэй” үндэснийхээ ундааг уудаг байна. Харин хөвгүүдийн өдрөөр туузаар чимэглэсэн гоёмсог загасны хэлбэртэй дүрс хийсгэдэг.
BOLOD.MN