|

Баабар: Ямар мэргэжил өнөөдөр зах зээл дээр гүйлгээтэй байна вэ?

 Баабар: Ямар мэргэжил өнөөдөр зах зээл дээр гүйлгээтэй байна вэ?
Ямар мэргэжил сонгох вэ?

Манай оронд 1990 онд 16 мянган оюутан дээд мэргэжлээр суралцаж байжээ. Нийтдээ арав хүрэхгүй дээд сургууль байв. Тэгвэл одоо 160 орчим дээд сургуульд 100 гаруй мянган оюутан сурч байна. 10 000 хүнд ноогдох оюутны тоогоор дэлхийд тэргүүлэх улсын нэг боллоо. Муу ч юм юу байхав, тэртээ тэргүй ажлын байр байхгүйгээс хойш энэ олон залуус гудамж метрлэн хулигаантаж явснаас болсон болоогүй номын дуу сонсож суусан нь хавьгүй илүү.
    
Сургууль төгсөөд харин ажлын байр хэцүү дээ. Гэхдээ боловсрол мэргэжил олсон хүн ганзага зөөсөн ч гахай хариулсан ч бичиг мэдэхгүй хүнээс илүү дээр л амиа аргалаад явчих байх. Ерээд оны эхээр гадаад хэлний баахан сургууль байгуулагдаж, тэр рүү хошуурцгааж байлаа. Хэл шинжлэл, утга зохиол судлалын мэргэжил нэг тусдаа, ердөө л гадаадаар ярьдаг байх тусдаа хэрэг л дээ. Гадаад хэл бол юманд хүрэх хэрэгслэл болохоос өөрөө дангаараа мэргэжил ч биш боловсрол ч биш. Гэхдээ л үй олон залуучуд хятад, англи, солонгос хэл гадарладаг болж авснаар тухайн үедээ хоолондоо хүрч байсан нь баримт. Харин дарааханаас нь хууль, эдийн засаг гэсэн хоёр салбар бүхний анхаарлыг татлаа. Одоо Улаанбаатарт хориод мянган залуус эдийн засгаар, түүнээс дутахгүй олон хүн хуулиар сурч байна. Харин Монголд хадаад хадаад 3 мянган хуульчийн зах зээл л бий. Мэргэжлээрээ ажиллана гэж үзвэл эдгээрээр Монголдоо ажлын байр олох үнэхээр хүнд. Энэ мэргэжлээрээ гадагшаа ажиллая гэвэл гологдоно. Лундаагийн сургууль төгссөн хуульчид Сингапурт ажил олдохгүй гэдгийг тааж хэлэхэд заавал мэрэгч төлөгч байх шаардагагүй.

100 мянган оюутан гэдэг бол зөвхөн тоон тал нь. Үүний цаана чанар гэж айхавтар юм байна. Мэргэжлээ сайн эзэмшсэн, үнэнч шудрага, ажилсаг махруу хүнд хаана ч ажил олдоно. Сайн мэргэжилтэн болохын тулд сайн сургуульд сайн төгссөн байх хэрэгтэй. Үнэндээ бол өнөөгийн прагматик ертөнцөд ажил олгогч дипломыг чинь гэхээсээ ажил хэрэгч чанар, мэргэжлийн ур чадварыг чинь л сонирхоно. Харин сайн хүүхдээр сайн мэргэжилтэн бэлдчихэж чадах сургууль манайд юусан билээ.

Ямар мэргэжил өнөөдөр зах зээл дээр гүйлгээтэй байна вэ? Дотоодод бол хамгийн сайн гүйлгээтэй нь геологи, хайгууль, өрөмдлөг, уул уурхайн мэргэжил шиг байна. Гадаадын хайгуулын компанид сард 5 мянган долларын цалингаар ажиллаж байгаа монгол инжинерийг таних юм байна. Сүүлийн үед дотоодын зах зээлд нэлээд эрэлттэй байгаа мэргэжил бол барилгын инжинер. Сантехник, дулаан, хөргөлт,, цахилгаан гээд холбогдох бусад мэргэжил хамаарна. Барилга бариулж байгаа компаниудад сайн мэргэжилтэн олдохгүй зовж  байгаа юм шиг билээ. Хувийн хэвшлийн сургуулиуд олноор байгуулагдаж байгаа учир сайн багш их дутагдалтай байна. Ялангуяа багын болон цэцэрлэгийн багш.

Монгол мэргэжилтэн гадаадын зах зээлд гарч болох уу? Өнөөдөр Солонгост 20 мянга орчим монголчууд ажиллаж байгаагийн дийлэнхи нь дээд мэргэжилтэй боловсон хүчин. Харамсалтай нь мэргэжлээрээ ажиллах гэхээр гологддог тул толгой дараалан булчин шөрмөсөө хөдөлгөж түүнээ үнэлүүлж байна. Нөгөө олон будаг ханхлуулсан цоо шинэ эдийн засагчдаас чинь хөрөнгийн бирж дээр брокер хийчих ганц ч хүн олдохгүй. Дэлхийн хөрөнгийн бирж дэхь брокерын ажлыг Сингапур, Тайланд, Хонгконгийн хужаанууд л хийх юм. 

Тэгвэл ямар мэргэжил эзэмшвэл гадаадын хөдөлмөрийн зах зээл дээр гарч болох вэ? Залуус маань сургуулиа төгсөж аваад л болбол Америк, ядвал Солонгос гарч ажиллахын мөрөөсөл. Хүний газар бие дааж амьдраад хөл дээрээ босоод ирж чадаж байвал сайн л даа. Эрэлт хэрэгцээтэй мэргэжилээр мэргэшчихвэл ингэхэд илүү л хялбар байх болно. АНУ 1988 онд биотехнологи, компютер программын мэргэжлийн хүмүүсийг хэдийг л бол хэдийг авч ажиллуулна, ногоон карт амархан өгнө гэж амалсан. Гадна бэлтгэгдсэн тархийг сорж авч буй америк арга. Цалин сайтай. Аль алин нь "хар ажилчин” шаарддаг салбар. Гэхдээ "хар ажилчин” нь өндөр мэргэжилтэй, нарийн ур чадвартай байх шаардлагатай. Монголд бэлтгэгдсэн биотехнологич Америкийн нэгэн хүрээлэнд өгөгдсөн даалгаварын дагуу хроматографи тавиад сууж байх нь байна шүү дээ. Арваад жилийн өмнө тийшээ гарсан биотехнологийн мэргэжилтэй монголчууд өдгөө сүрхий өсч, зарим нь тасаг, лабраторийн эрхлэгч болчихсон, гадаадаас шинэхэн ирсэн биотехнологичдыг дороо зараад сууж байна. Цөм ногоон карттай. Харин энэ өндөрлөгт хүрэхийн тулд олон жилийн нөр хөдөлмөр туулсан юм шүү. АНУ-ын компютер программын хөдөлмөрийн зах зээлийн дийлэнхийг Энэтхэг, Пакитаны цагаач мэргэжилтнүүд эзэлжээ. Тэд вэб сайт хийхэд л цагийн 50 доллароор хөдөлмөрөө үнэлүүлдэг гэсэн.

Өндөр хөгжилтэй орнуудад хаана ч амархан ажил олох нэг мэргэжил бол асрагч, сувилагч. Сувилагч гэхээр л манайхан учиргүй дорд үздэг юм, үнэндээ нарийн мэргэжил шүү дээ. Социализмын үед манайх Польшид дээд мэргэжлийн сувилагч бэлддэг байлаа. Тааруухан эмч бэлдсэнээс сайн сувилагч бэлдэх нь нийгэмд ч, өөрт нь ч хамаагүй унацтай. Асрагч бол бүр амархан ажил олно. Гэхдээ аль алиныг нь мэргэжилгүй хүн хийж чадахгүй шүү дээ. Дээр нь англи хэлгүй бол бас бүтэхгүй. Ер нь англи хэлгүй бол хаана ч мэргэжилээрээ ажиллана гэдэг хэцүү болоод л явчина. Анагаахын дээд тачигнасан сайн англи хэлтэй сувилагч нар олноор бэлдэх юм бол дотоодод сургалтын, гадаадад ажлын фронтын том зах зээл байна даа. Машины сайн засварчин, механикч ч ажил амархан олно, ялангуяа Америк, Европын хөдөлмөрийн зах зээлд сайн механикч их үнэлэгддэг. Гэхдээ л англитай байх шаардагатай. 

800 жилийн өмнө амьдарч байсан Чингис хаан өнөөдөр цалин тавихгүй, Боржгон овогтой гэхээр чинь л ажилд авахгүй, шүлэг мүлэгхэн бичээд амьралаа авч явна гэж үгүй. Ингэхээр хүн шиг амьдаръя гэвэл сурч боловсрох, нарийн мэргэжилд мэргэшихээс өөр арга алга даа. Харин ямар мэргэжил эзэмшвэл зах зээлд гарцтай, чухам юунд авъяас чадвартайгаа эхэлж мэдэж байж мэргэжлээ сонговол ядахнаа бага алдана.

2003-09-28

15 жилийн өмнө бичсэн энэ өгүүллээ эргээд харахул байдал яг хэвээрээ ч юм шиг, эсвэл нэлээд засарлыг олсон ч юм шиг. Уул уурхайн гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаснаас болоод бэлтгэгдсэн олон геологич, уул уурхайн мэргэжилтнүүд өдгөө ажилгүй болсон. Уул уурхай унаснаас болоод хөгжин дэвжиж байсан барилгын салбар дагаж онхолдоод, одоо зарим тооцоогоор зөвхөн Улаанбаатарт 35 мянган орон сууц дуусаагүй буюу эзэнгүй байна гэх. Ингэхээр барилгын салбарт мэргэжил олсон хүмүүст ажил олдохоо больсон. Биотехнологи чиглэлээр олон мэргэжилтэн бэлтгэгдсэн гэх авч тэрхүү асар өндөр өртөгтэй сургалтыг бараг л дан ганц самбарт найдан сургасан учир зах дээр гараад ногооны худалдагч ч хийж чадахгүй баахан дипломтон төгссөн.

Ер нь Үйлдвэржилтийн хувьсгалаас хойш хүмүүсийн биеийн хүчний ажил гүйцэтгэл эрс цөөрсөөр өдгөө дэлхий даяар "хувьсгл хийх үйлтэй төрсөн ажилчин анги” бараг үгүй болжээ. Хаана ч хөдөлмөрийн фронтод буй хүмүүсийн хэтэрхий дийлэнх нь үйлчилгээний салбарт ажиллах болсон. Энэ процесс манайд 1990 оноос хурдацтай явагдаж, өдгөө нийт ажиллагсадын дөрөвний гурав нь үйлчилгээний салбарт хөдөлмөрлөж байна. Аялал жуулчлал, худалдаа, тээвэр, сургалт, урлаг зэрэгт хөдөлмөр эрхлэлт цаашид ч нэмэгдсээр байх болов уу. Төрөөс төчнөөн ажлын байр шинээр буй болголоо гэх зарлал, реклам, сайрхал байнга гарч байдаг. Хэрэв монгол хүн сонирхохгүй ажлын байр буй болгосон бол түүгээр сайрхаад ч яадаг юм, угаасаа борлогдохгүй бараа бүтээгдэхүүнээр яах ч юм билээ. 

Алив үйлдвэрлэлийн эцсийн зорилго борлуулалт. Сургалт, эрүүл мэнд, үйлдвэрлэл, үйлчилгээ алин ч байлаа бараа бүтээгдэхүүн борлогдож байж л утга учиртай болно. Монгол хүн машин хийлээ, хавдар эмчлэх цоо шинэ арга оллоо, цээжлэх уралдаанд түрүүллээ, Гиннессийн номонд бүртгүүллээ, улсынхаа нэрийг гаргалаа – сайн байна сайн байна, гэхдээ огт борлогдохгүй ийм дуулианаар яах гээд байгаа юм бол? 

Хүмүүст мэргэжил олгож байна гэдэг бол бизнис. Сургууль бол худалдагч, суралцагч бол худалдан авагч. Эндээс бэлтгэгдсэн мэргэжилтэн бол зах зээлд гарах бараа бүтээгдэхүүн. Чанартай сургуулиас чанартай бүтээгдэхүүн гарна. Гэвч нөгөө талаас бүтээгдэхүүн-мэргэжилтэн маань суралцаж буй мэргэжилдээ авъяастай байх ёстой. Солгой хоолойтой хүн дуучны мэргэжилээр хичнээн чармайн сураад сайн байтугай муухан дуучин ч болж чадахгүй. Энэ чадварыг бурхан өгдөг, Бурхан хүн болгонд ямар нэг төрлийн авъяас бэлэглэсэн, тэрийг л олж илрүүлэн тэрүүгээрээ хоолоо олж идэх нь туйлын чухал эхний зорилго. Нөгөө талаас бүтээгдэхүүн зарж буй сургууль маань чанартай байхын тулд үнэ өртөгийн жишиг нь өөрсдийнх нь бололцоо сэтгэл ханамжийн хувьд хангалттай байх ёстой. Яаж ч бодоод борлуулагч төлсөн мөнгөнд нь тохируулж л мэргэжилтэн бэлдэнэ шүү дээ. Үнийг манайд төр мэддэг учир сайн сургууль байх бололцоо мөн ч тааруу даа, үнэнийг хэлэхэд? 

2017.7.4