|

Монгол наадмын түүх

 Монгол наадмын түүх

-Монгол наадмын түүх-

Нараар наадаж, хураар аргадсан наадмын өглөө наадамчин олон үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, уяан дээр шандаст хурдан хүлэг эргэцэж, хүчит бөхчүүд наадмын талбайдаа өрж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорих эрийн гурван наадмаа Монгол түмэн бахдалтайгаар тэмдэглэдэг билээ.

Дэлгэр Монголоороо дэнж хотойтол баярлах дэлхийн ганцхан наадмын өглөө ургах наран хүртэл илчээ төөнөн улалзана. Тиймдээ ч монгол түмний уламжлалт наадмыг үзэхээр гадны жуулчид жил бүр манай улсыг зорин ирдэг. Тэд нүүдэлчдийн хэв маягийг хадгалж үлдсэн цорын ганц улс гэдгээр нь бахархаж, бишрэх басхүү дэлхийг байлдан дагуулж байсан Их Эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавих тэр л хүсэл, мөрөөдлөө биелүүлдэг болов уу.

Үндэсний их баяр наадмаар зургаан насны 2400 орчим хурдан морь, 30 орчим км газарт шандас юугаа сорин уралддаг нь манай гараг дээрх хамгийн том морины уралдаан учраас гадныхан уулга алддаг юм билээ.

Нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэц мэргэнээ сорьдог байсан нь түүхийн хуудаснаа шарлан үлдсэн байх .1206 онд Их Монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.

Улмаар 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долоодугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. Үүний дараа 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарсан байна. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдэж эхэлсэн. .

Харин 1996 онд Их Монгол Улс байгуулагдсаны 790 жилийн ойг баяр наадмаараа тэмдэглэх болсон гээд наадмын тухай үүх түүхийг баяжуулах болсон юм.

Монгол хүн бүрийн хүүхэд насны дурсамж үндэсний их баяр наадамтай салшгүй холбоотой. Наадам үзэж, цэнгэлдэхийн гадаа тухлан хуушуур идэж, улаан ус уун  бөхчүүдийг дэргэдээс нь харж бишрэн харваачдын нумыг татахсан хэмээн мөрөөдөж, хурдан морины хүүхдүүдэд атаархдаг байгаагүй гэж үү.

Жил жилийн наадам монгол хүн бүрийн сэтгэл дэх их омогшлыг бадраан төрт ёс уламжлалаараа бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг.

-Дэлхийд ганцхан Монгол наадам-

Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, түүх, эх хэл, соёл уламжлалаа нандигнах их үйлсийг үеийн үед бүтээх Монгол наадам өргөн дэлгэр эхэллээ. Дэлхийд ганцхан Монгол наадам энэ цагийг гэрчилж, өмнөх түүхийг бататгаж, ирээдүйг гэрэлтүүлэх түүчээ нь юм. Энэ л өдөр эх орны минь өнцөг булан бүрт эцэг өвгөдийн үеэс уламжлуулан ирсэн их түүх, соёлын гайхамшгийг наадамчин олон маань нүүрэндээ мишээл тодруулан ёс жудагтайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ удаагийн улсын их баяр наадмаар олон тэгш ой тохиож, 1024 бөх 10 даваанд барилдана. Үндэсний их баяр наадмын тухайх уулийн Үндэсний бөхийн барилдаан гэсэн долдугаар дугаар зүйлд зааснаар  1024 бөх барилдаж байгаа тохиолдолд Улсын арслангаас доош цолтой бөх ес давбал Улсын арслан цол өгөх юм байна. Хэрэв тэр бөх 10 давж түрүүлбэл Улсын аварга цол олгоно. Харин Улсын арслан болон түүнээс дээш цолтой бөх түрүүлбэл хуулийн ердийн журам үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, Улсын арслан цолтой бөх Улсын аварга цол авах юм. Улсын аварга цолтой бөх түрүүлбэл Улсын даян аварга цол авна. Улсын даян аварга түрүүлбэл Улсын дархан аварга цол авна гэж хуульд заажээ.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт тун удахгүй болно. Өнгөрсөн жил УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар Монгол түмний аж амьдралыг Хүннү гүрнээс улбаалуулан харуулсан бол энэ жил дахин тэрээр наадмын нээлтийг нээхээр хэдийнээ Төв цэнгэлдэхэд түүний баг хамт олон байраа эзэлжээ.

Их Эзэн Чингис хааны үеэс эрийн гурван наадмаа тэмдэглэж, хүчит бөхчүүд нь эр бяраа гайхуулж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьж, шандаст хурдан хүлэг нь хурд хүчээ үздэг байсан өвөг дээдсийн үрс билээ бид.

Миний Монголын наадам нарыг аргамжиж, наадамчин олныг сэтгэлийг баясгаж, Төрийн дууллаа эгшиглүүлж, дуу хууртайгаар өргөн дэлгэр өрнөх болно.

Дэлхийд ганцхан наадмаараа , дэнж хотойтол сайхан наадаарай.