Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Энэ жилийн наадмыг өчигдөр тангаргаа өргөсөн шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, баярын мэндчилгээ дэвшүүлэн өнөө жилийн наадам ийнхүү эхэллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга наадам нээж хэлсэн үгэндээ "Эрхэм хүндэт ард иргэд ээ, эрхэм хүндэт наадамчид аа, туурга тусгаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлэн айлтгая.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой тохиож байна.
Монголын сайн нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр, их ухаан дээр эх орон маань хөгжиж байна. Тусгаар тогтнол, туг сүлд маань цэх байна.
Иргэдийн амьдралыг дордуулж байгаа ядуурлын үндэс болсон их өрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байгаагаа зориуд энэ индэрээс та бүхэндээ хэлж байна. Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй энэ баяр бидний уламжлал билээ.
Эх түүх хэл соёлоороо бахархан омогшдог наадмын сайхан өдрүүдэд зон олны минь сэтгэл тэнүүн, бөх нь хүчтэй, морь нь хурдан, харваа нь цэц байх болтугай. Туурга тусгаар улс орон минь хөгжин бадарч, түмэн олон минь амар амгалан байг” гэлээ.
Сэтгүүлч Ч.Зэвэг