|

Малын хулгайн 58.8 хувь нь сэрүүний улиралд үйлдэгддэг

Малын хулгайн 58.8 хувь нь сэрүүний улиралд үйлдэгддэг

 

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1093 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн сарын мөн үеийнхтэй харьцуулахад 16.6 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

 

Мал хулгайлах гэмт хэрэг буурсан нь шинээр батлагдсан хууль болоод мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулсны үр дүн гэж үзэж байна.

 

Өнөөдөр үүнтэй холбогдуулан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Хулгайгүй Монголын төлөө хамтдаа” өдөрлөгийг Хүчит шонхор худалдааны төвд зохион байгууллаа.

 

"Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр хэрэгжиж байгаа Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг сурталчилах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэмцэх ажилд иргэд, байгууллагыг татан оролцуулах зорилготой” гэж Цагдаагийн ерөнхий газрын ахмад С.Булганцэцэг хэлсэн юм.

 

Жилд бүртгэгддэг малын хулгайн 58.8 хувь нь сэрүүний буюу аравдугаар сараас гуравдугаар сарын хооронд үйлдэгддэг байна.

 

Р.Дулам