|

МӨНГӨГҮЙ ГЭЖ ГУНШИХАА БОЛЬЁ, МОНГОЛЧУУД МИНЬ

МӨНГӨГҮЙ ГЭЖ ГУНШИХАА БОЛЬЁ, МОНГОЛЧУУД МИНЬ

 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт байхгүй боллоо гэж гунших хүн хаа сайгүй буй болжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдгийг Монголчууд ойлгохгүй байна даа. Тавагтай хоолоор авч үзвэл гадаадын шууд хөрөнгө оруулалт нь амтлагч төдий өчүүхэн зүйл шүү дээ. Хэдэн зуун тэр бум тэр бумаар нь бонд гаргаж ноолуурын аж үйлдвэр, ноосны аж үйлдвэр, махны аж үйлдвэр, сүүний аж үйлдвэрийн салбаруудыг дэмжээд байдаг.

Эдгээр салбарууд нь хэдэн зуун тэр бум төгрөгийг хэдэн зуун ам доллар болгож өсгөх ёстой биз дээ. Юу ч байхгүй. Одоо хэдэн тэр бум ам долларын бонд гаргаж санхүүжүүлсэн бол хэдэн арван тэр бум ам доллар болж өсөх ёстой биз дээ. Байхгүй.

Монгол орныг олон улсын санхүүгийн төв, оффшор санхүүгийн төв, олон улсын таваарын солилцооны төв болгохыг зарлаж хэрэгжүүлбэл Монгол оронд хэдэн триллион ам долларын хөрөнгийн хуримтлал үүсч, мөнгөний гачигдалаас гарч хийж бүтээх улс орон болж гялалзах боломж бас байтал яагаал энэ боломжийг санаачилж хэрэгжүүлэхгүй байна вэ? Нэг л учир бий.
Далайд гарцгүй, байгалын баялаггүй, хүн ам цөөхөн, хүрээлүүлсэн хүчирхэг улс орнуудаас яаж эрх чөлөөтэй байх гэх мэтийн толгой эргүүлэм зовлонтой байсан Швейцарь орон банк санхүүгийн салбарыг татваргүй болгож олон улсын санхүүгийн төв болж хөгжсөнөөр өөрт учирдаг бүх зовлонгоосоо гарч чадсан түүх бий. Өнөөдөр нэг сая ам доллараас дээш орлоготой дэлхийн улс орнуудын иргэдийн хуримтлал 152 триллион ам долларт хүрч дэлхийн санхүүгийн төвүүдийн дэд бүтэц менежмент хийх чадваргүй болжээ.

Энэ үед Монгол орон олон улсын санхүүгийн төв, оффшор санхүүгийн төв, олон улсын таваарын солилцооны төв болж хөгжвөл ямар их боломж байгааг олж харах цаг болжээ. Швейцарь улс хөрш зэргэлдээ улс орнуудын дайны үе, дэлхийн 1,2-р дайны үе, хүйтэн дайны үед дайсагнагч орнуудын баян чинээлэг ард иргэдийн мөнгийг аюулгүй хадгалж хөгжсөн түүхтэй юм байна.
Монгол орон олон улсын санхүүгийн төв болсноор дэлхийн их олон улс орнуудын чинээлэг ард иргэдийн таашаалыг хүлээх нь тодорхой. Үүнийг хийхэд нэг их хүч ороод байх зүйл биш ээ. Мөнгөтэй болоод юу хийх вэ гэдэг асуудлыг бодох хэрэгтэй. Монгол орон шинжлэх ухааны хүчирхэг орон болж төлөвших алтан боломж бий.
Үүнээс гадна дэлхийн улс төрийн зөвшилцлийн төв болох бас боломж бий. Гэхдээ эдгээр хүн төрөлхтний төвүүдийг байгуулахын тулд Монгол орон даяарчилсан цоо шинэ дэлхийн төвшний хот сууринг хөгжүүлэхээс өөр зам байхгүй.

Монгол орон гадаадын хөрөнгө оруулалтыг авчирч луйварддаг орон байж болохгүй. Арабын Эмират улсын Дубайг дэлхийн гайхамшиг болтол хөгжүүлсэн Арабын Эмират улсын ерөнхий сайд Mohammed bin Rashid Al Maktoum-ийн баримталсан зарчмыг Монголчууд бид тунгаан бодох хэрэгтэй:

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ АМЖИЛТАНД ХҮРСЭН НӨХЦӨЛД АРАБЫН ЭМИРАТ УЛС АМЖИЛТАНД Л ХҮРЧ БАЙНА

Доктор Доржпаламын Батчулуун