|

Ахмадын шайбтай хоккейн тэмцээнд Улаанбаатарын “Жалам хар”түрүүллээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын  ЗДТГ, "Монголын Шайбтай Хоккейн ахмадын холбоо”-той хамтарч "Шайбтай Хоккей-2016” ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Уг тэмцээнд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум болон Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудаас нийт долоон баг оролцлоо. Тэмцээний тэргүүн байранд Улаанбаатар хотын "Жалам хар” баг шалгарч Орхон аймгийн "Хангарьд”, Улаанбаатар хотын "Алтан од” багууд удаах байрыг тус тус эзэлжээ.

Шарын гол сум нь шайбтай хоккейн спортыг 1970-аад оноос улсынхаа хэмжээнд орон нутагт анх удаа эрчимтэй хөгжүүлж улсын аваргыг хэд хэдэн удаа хүртэж байсан хоккейн спортын нутаг гэж хэлж болно. Тиймээс энэ спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэхийн төлөө жил бүр ахмад, дунд, өсвөр үеийн тэмцээнүүдийг байнга зохион байгуулж байна гэж сумын Засаг дарга Д.Амарсанаа тэмцээний хаалтын үеэр онцлов.

Б.Норовсамбуу