ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Ираны төрийн тэргүүн Хасан Роухани нарын уулзалт өчигдөр Сочи хотноо болж өндөрлөөд байна. Гурван орны төрийн тэргүүн нарын энэ уулзалтын дүнд Сирийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаад байна.
Оросын төрийн тэргүүн Сирийн хямралыг зохицуулахад Иран, Туркийн үүрэг оролцоо онцгой их гэдгийг онцлон мэдэгдсэн. 2 улсын төрийн тэргүүн нарын байр суурь Сирид байлдааны ажиллагааг зогсоож, аюулгүйн бүс байгуулах боломжийг олгосон. Мөн ОХУ, Иран, Туркийн хүчин чармайлтын үр дүнд Сири улс задарч бутрахаас сэргийлж, олон улсын террористууд энэ орныг эзлэн авч, хүмүүнлэгийн ноцтой хямрал гарахаас сэргийлж чадсаныг Ерөнхийлөгч Путин онцолсон. Мөн Сирийн хямралыг улс төрийн аргаар зохицуулах үйл явцыг Женевийн яриа хэлэлцээтэй нэгтгэх ёстой.
Ингэснээр тус улсын байдлыг урт хугацаанд тогтворжуулж хэвийн болгох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Харин Сочид болсон уулзалт үр бүтээлтэй ажил хэрэгч боллоо хэмээн дүгнээд талууд цаашид Сирид энх тайван, тогтвортой байдал тогтооход идэвхтэй хүчин чармайлт гаргахаар тохиролцсоныг онцолсон юм. Ираны Ерөнхийлөгч энэ 3 талт уулзалт нь Сирийн хямралыг зохицуулах шинэ боломж замыг нээж өгч байгааг онцолсон.
Тэрээр терроризмтэй хийх тэмцэлд Иран улс бусад улс орнуудад ч туслахад бэлэн байгааг илэрхийллээ. Мөн Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Сочигийн энэ уулзалт Сирийн асуудлыг зохицуулах эрс шийдэлд хүрэх боломжийг олгоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ улс дахь цус урсгасан хүчирхийллийг эцэс болгоход ихээхэн хувь нэмэр оруулж байгааг үнэлсэн. Тэрээр Сирийн асуудлыг зохицуулахад чиглэгдсэн Астанийн яриа хэлэлцээний үйл явц онцгой чухлыг бас онцолсон.
Куба улс солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хүсч байна. Мөн бүс нутаг дахь маргаантай асуудлуудыг зөвхөн яриа хэлэлцээний замаар шийдэхийн төлөө байна хэмээн тус улсын гадаад хэргийн сайд Бруно Родригес Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ли Ён Хотой Хаванатай хотноо уулзах үеэрээ илэрхийлсэн байна.
Энэ тухай Кубын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулсныг олон улсын хэвлэлүүд өнөөдөр онцолж байна. Мөн Кубын гадаад хэргийн сайд Умард Солонгос янз бүрийн хориг арга хэмжээний жагсаалтанд оруулж буй Вашингтоны шударга бус шийдвэр, алхмуудыг тус улс буруушааж байгааг ч илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ гадаад хэргийн сайд тэргүүтэй умард Солонгосын төлөөлөгчдийн айлчлал 2 орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхийн хамтаар, харилцан ашигтай улс төрийн яриа хэлэлцээ хийх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ли Ён Хо тэргүүтэй төлөөлөгчдийн Куба дахь айлчлал өнгөрсөн даваа гаригаас эхэлсэн юм.
Олон улс болон АНУ-ын зүгээс Умард Солонгост үзүүлж байгаа дарамт шахалт нэмэгдсэн энэ нөхцөлд Хаванагийн дэмжлэгийг авах нь энэхүү айлчлалынх нь зорилго хэмээн Ройтерс мэдээлж байлаа. Хэдийгээр Куба улс цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг хориглосон байр суурьтай байдаг ч Умард Солонгос Куба улсуудын нөхөрсөг харилцаа 60 аад оноос эхтэй.