МАХН-ын II их чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Их чуулганд дүүрэг, сум, хороо зэрэг намын анхан шатны нэгжээс 1044 төлөөлөгч оролцож байгаагаараа илүү өргөн хүрээтэй, онцлогтой болж байгаа юм. Их чуулганы төлөөлөгчид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн МАХН-ын дүрмийн өөрчлөлт, намын даргыг сонгох, Мөрийн хөтөлбөрийг батлах, шинэ Дээд Үндсэн хууль зэрэг чухал асуудлуудыг 1044 төлөөлөгчөөр хэлэлцүүлнэ.
Их чуулганы үеэр Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар цөөнгүй илтгэл тавигдах юм байна. Эхний өдөр Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого сэдвээр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр танилцуулах юм. Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы үйл ажиллагааны тайлан, Хяналт, ёс зүйн хорооны ажлын тайлан, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн бодлого илтгэлийг тус тус батлах аж.
Их чуулганы эхний өдөр МАХН-ын Бүтэц, зохион байгуулалтын асуудлын хүрээнд МАХН-ын дарга, МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны гишүүд, МАХН-ын Бага чуулганы гишүүдийг сонгох юм байна. Түүнчлэн МАХН-ын II их чуулганаас сонгогдсон Бага чуулганы анхдугаар хуралдааны хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга нар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг сонгохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: www.polit.mn