МАХН-ын II их чуулган маргааш буюу энэ сарын 9-ны өдөр эхэлж хоёр өдөр үргэлжилнэ. Их чуулганы талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, ЕНБД Э.Эрдэнэжамъян, Архангай аймгийн түмтийн дарга Ганцэцэг, Төв аймгийн түмтийн дарга, чуулганыг зохион байгуулах комиссын дарга О.Буяннэмэх, Нарийн бичгийн дарга Б.Тулга нар мэдээлэл хийлээ.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян: Намын дүрэмд томоохон өөрчлөлт орно
-МАХН-ын II их чуулган буюу эрх барих хамгийн дээд байгууллагын хурал хоёр өдөр үргэлжилнэ. Өнөөдөр бол МАХН-ын Бага чуулганы хуралдаан болж их чуулганы бэлтгэлийг хангуулж байна. Их чуулганы хуралдаанд 1044 хүн оролцоно. Монгол Улсын бүх сум, тосгон дүүрэг, хорооноос МАХН-ын анхан шатны байгууллагууд хуралдаж төлөөллөө их чуулгандаа илгээж байгаа. МАХН-ын их чуулганаар намын дүрэм болон хуулийн дагуу хэд хэдэн асуудлыг хэлэлцдэг. Чуулганаар МАХН-ын мөрийн хөтөлбөр, үндсэн дүрмийг шинэчилэн батална. Мөн МАХН-аас ард түмэнд санал болгож байгаа шинэ Үндсэн хуулийн төсөл болох Дээд хуулийн төслийг их чуулганы төлөөлөгчдөөр батлуулна. Зохион байгуулалтын асуудлууд байдаг. МАХН-ын Бага чуулган, Хяналт ёсзүйн хороо, МАХН-ын даргыг сонгоно. Энэ гурван том сонгууль маргааш, нөгөөдөр хоёр өдөр болно. Хурлын бэлтгэл ажлыг хангахад 100 гаруй хүн ажиллаж байна. Мянгат, түмтийн хорооноос гаргасан шийдвэрийг хэлэлцэх асуудал бүрээр бичгээр авчирч байгаа.
Намын дүрэмд томоохон өөрчлөлт орно. Сонгуулийн хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор намын Бага чуулганаар орсон дүрмийн өөрчлөлтийг Их чуулганаар батална. Өөрөөр хэлбэл, 76 тойрогт зохицсон 76 мянгат, аймаг дүүрэг дээр МАХН-ын түмт байна гэсэн зохион байгуулалтаар батална. Намаа орчин цагийн улс төрийн бохир явуулгаас хамгаалахын тулд намын дотор буруу бодолтой хүмүүс орохоос сэргийлсэн заалтууд хийж өгч байгаа. Намын гишүүний батлах авч, нэр дэвшчихээд намынхаа мөрийн хөтөлбөр, гол зорилтын эсрэг ажилладаг хүмүүсийг хасах чөлөөлөх асуудал намын дүрэмд орно.
МАХН-ын даргын сонгууль болно. Намын их чуулганд оролцохоор зуут мянгат бүрээс бичгээр санал авч намын даргад нэр дэвшүүлж байна. Энэ үйл ажиллагаа явагдаж байна. Маргааш үдээс хойш тодорхой болно. Ямар нэг байдлаар намынхаа эсрэг ажилласан хүмүүс зааланд ч орох эрхгүй.
МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: МАХН УИХ-д суудалтай эсэхэд санаа зовох хэрэггүй
-Монгол Улсын 21 аймаг, бүх сум, нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй төлөөлөгч цугларч МАХН-ын их чуулганыг хийх гэж байна. Бид хурлаа нууцаар, автобусаар зөөж тусгай хамгаалалт дор хийхгүй. Ард түмнийхээ өмнө нээлттэй хийнэ. Их чуулганы бэлтгэл ажлыг хангахын төлөө өнгөрсөн долдугаар сараас хойш бүх аймаг, дүүргүүдэд хэлэлцүүлэг явуулсан Шинэ Дээд Үндсэн хуулиа их баталгаажуулна. Их чуулганы туйлын зорилго бол төрийн дээд эрх мэдлийг одоо барьж байгаа хэдхэн гэр бүлд бус ард түмэнд өгөх түүхэн чухал хурал болно. Мөрийн хөтөлбөрөө тунхаглах болно. Монгол орноо хөгжүүлэх гарц гаргалгааг ярина. Улс орноо хүнд байдлаас гаргах талаар ярилцана. Баялгийн эх оронч үзэл буюу уул уурхайн баялгаар хэдхэн гэр бүл хожих биш нийт ард иргэд хожих ёстой. Улс төрч дарга нар хулгайч биш баймаар байна. Дарга нарыг шүүдэг шүүгч нарыг ард түмнээс сонгодог байя. Намуудын хармаанд орох ёсгүй. Том шийдэл гарцыг эрэлхийлсэн үр дүнтэй хурал болно.
МАХН УИХ-д суудалтай эсэхэд санаа зовох хэрэггүй. МАХН УИХ-д суудалтай байгаа. Харин тэр суудал дээр байгаа хүнээ солих уу гэдэг асуудал бий.
Их чуулганыг зохион байгуулах комиссын дарга О.Буяннэмэх: Гурван үеийг хамарсан хүндэтгэлийн концерт болно
-МАХН-ын II их чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хөтөлбөрийн талаар товчхон танилцуулъя. Их чуулганыг Корпорэйт конвейшн центр зочид буудалд зохион байгуулагдана. Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. Мөн Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Хоёрдугаар сарын 09-нд хүндэтгэлийн концертыг орон даяар TV9 телевизээр шууд дамжуулна. Хүндэтгэлийн концертыг УГЗ Цэрэндолгор найруулж, СГЗ Гүрбазар зохиолыг нь бичсэн. Концертод 450 орчим уран бүтээлч оролцоно. Өнөөгийн залуучууд түүхээ мэдэх ёстой. Ойрын хэдэн жил тоглогдоогүй утга учир бүхий концерт болно. 1921 оны хувьсгалыг харуулсан, Х.Чойбалсан даргын тусгаар тогтнол. Ю.Цэдэнбалын их бүтээн байгуулалтыг харуулсан гурван үеийн концерт болно. Дөрөв дэхь үе нь ирээдүйг харуулсан байх болно. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр БНМУ-ын бүрэн эрхт байдал, Иргэний эрх чөлөө баталгаа, Төрийн байгуулал засаг захиргааны удирдлага Монгол Улсын хөгжлийн гарц бол шинэ Дээд Үндсэн хууль сэдвээр илтгэл тавина.
Х.Онон