Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэл хамтран Европийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр "Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Дархан-Уул аймагт "Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт” сургалтыг ажил хайгч, албан бус хөдөлмөр эрхлэгч, ЖДҮ эрхлэгч болон хөдөлмөрийн харилцаанд оролцогч 300 гаруй залуучуудад хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр бэлтгэгдсэн сургагч багш нарын баг зохион байгуулж байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан, ҮЭ-ийн дарга Д.Нацагдорж, ХХҮГ-ын дарга С.Энхболд нар санамж бичигт гарын үсэг зурж залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ
Энэхүү сургалт нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч, хөдөлмөр эрхлэгч залуучуудад зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаархи ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, ажлын байранд бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд залуучуудын хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байрны дарамт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах зорилготой юм.
Энэ үеэр Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, тус аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Талууд санамж бичгийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах, судалгаа хийх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд тулгамдаж буй асуудлуудаар хамтарсан хэлэлцүүлэг хийх, санал боловсруулах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад хамтарч ажиллах юм.