Өнгөрсөн ням гарагт Германы төвийн нутгийн Гессе мужийн Вассеркуппе уулын нисэх хөөрөх талбайн ойролцоо нэгэн жижиг онгоц осолдсоны улмаас хоёр эмэгтэй, нэг хүүхэд амиа алдсан тухай телевизийн "BBC” суваг мэдээлэв.
Нэг хөдөлгүүрт "Сессна” нисэх онгоц ням гарагт орон нутгийн цагаар 15:45 цагийн орчимд амжилтгүй газардсаны дараа эргэн хөөрөхийг оролдох үедээ осолдсон байна. Цагдаагийн газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, нийт таван хүн гэмтэж бэртсэний дунд онгоцны бүхээг байсан дөрвөн хүн багтаж байгаа ба амиа алдсан хүмүүсийн хэн гэдгийг олж тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Осол гарах үед цаг агаар тогтуун байсан бөгөөд ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа юм. Түүнчлэн уг нисэх онгоц нь хувийн эзэмшлийн нисэх онгоц байсан байна.
Вассеркуппе уул нь "Рён” уулсын хамгийн өндөр оргил бөгөөд үүний нисэх хөөрөх талбайд жижиг болон моторгүй нисэх онгоцны нисгэгчид нислэг үйлдэх нь түгээмэл байдаг ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг