|

“Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Пол Аллен таалал төгсжээ

“Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Пол Аллен таалал төгсжээ

"Майкрософт” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Пол Аллен 65 насандаа "Ходжкины бус лимфом” буюу цусны хавдрын улмаас таалал төгссөн тухай телевизийн "BBC” суваг мэдээлэв.
П.Аллены өвчин 2009 онд эмчлэгдэж байсан бөгөөд дөнгөж хоёр долоо хоногийн өмнө хавдар нь дахин үүссэнийг олж мэдсэн ажээ.
"Хамгийн удаан нөхөрлөсөн, хамгийн дотны найзуудынхаа нэгийг алдлаа. Түүнгүйгээр өнөөгийн компьютерийн программ хангамж ямар байх байсныг төсөөлөх аргагүй юм” гэж "Майкрософт” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс хэлжээ.
Сургуулийн найзууд болох П.Аллен болон Б.Гейтс нар хамтран 1975 онд мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг болох "Майкрософт” компанийг үүсгэн байгуулж байжээ.
 
 
П.Алленыг нас барсан тухай мэдээллийг даваа гарагийн орой түүний хөрөнгө оруулалтын фирмээс албан ёсоор мэдээлсэн байна.
"Сая сая хүн түүний нинжин сэтгэл хийгээд сайн сайхан дэлхийг цогцлоох гэсэн хүсэл эрмэлзэл болон цагтай уралдан ажлаа амжуулдаг хөдөлмөрч зан чанарыг дурсан санах болно” гэж "Вулкан” компанийн гүйцэтгэх захирал Билл Хилф хэлжээ.
Үүний зэрэгцээ олон хүмүүс цахим сүлжээнд эмгэнэл илэрхийлж байгаа юм. "П.Аллен амьдралынхаа хугацаанд 2 тэрбум гаруй ам.долларыг шинжлэх ухаан, боловсролын салбарт болон буяны үйлсэд зориулсан юм” гэж "AP” агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.
Мөн спортод маш сонирхолтой байсан бөгөөд тэрбээр сагсан бөмбөгийн "Portland Trail Blazers” баг болон 2013 онд АНУ-ын Хөл бөмбөгийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн "Seattle Seahawks” багийг эзэмшдэг юм байна.
"Намайг насан эцэслэсний дараа эд хөрөнгийн маань ихэнх хэсгийг буяны үйлсэд зориулаарай” хэмээн П.Аллен 2010 онд хүсэж байжээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг