|

Поп нам


 

Сүүлийн үед улс төрд тренд болж байгаа үг бол популист товчилбол поп гэх хэллэг. Уг нь энэ үгийг утгачилбал Популизм (populus – ард түмэн гэсэн утгатай латин үгнээс гаралтай) хэмээх нэр томъёог анх АНУ-д XIX зууны эцсээр хэрэглэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зуунаас улс төрийн хэллэгт нэлээд том байр суурь эзлэх болсон аж. Үүнээс хойш улс төрийн тэмцлийн арга гэдэг утгаар байнга хэрэглэх болсон байна. Харин манайд олон нийтийн анхаарлыг өөрийн зүг татахыг популист гэж ойлгоно гэвэл дөхөх болов уу.

Монголын улс төрд популист гэдэг үг овог нь юм шиг нэрийг нь дагаж явдаг улс төрч цөөнгүй бий. Тэднээс "попын хаан” нь бараг л ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болов уу. Үгийн урлагийг төгс эзэмшсэн тэрбээр уран гоё илтгэл тавихдаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ч дутахгүй. Ямар сайндаа С.Ганбаатар 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ сурталчилгаанд ерөөсөө мөнгө зарцуулаагүй Дарханд бензиний мөнгөтэйгээ очоод л гарчихсан гэх хошигнол мэр сэр сонсогдохов. Ямартай ч "попын хаан”-ыг даргаараа сонгосон ХҮН поп нам болчихлоо. Учир нь Шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн үндэсний намыг С.Ганбаатар толгойлсноос хойш уг нам хэвлэлийн баатар, гол дүр болоод байна. Эрхэм намын дарга энэ шоугаа хонь жилийн хамгийн отгон өдөр буюу битүүнд 001 дугаартай эхний тушаалаараа гадаадад томилолттой явж байсан ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг ажлаас нь чөлөөлснөөс эхэлсэн. Мич жил гараад тус нам  тамгаа алдсан бололтой мэдээлэл хэвлэлийн хуудсаар хөвөрсөн. Учир нь "Хөдөлмөрийн үндэсний намын 8489100 регистрийн дугаартай, ГСТ-2248 тоот тамга гээсэн” гэсэн зар сонинд гарсан. Ийн тамгатай ч юм шиг тамгагүй ч юм уг намын ээлжит шоуны эхний хэсэг өчигдөр өрнөсөн бол үргэлжлэл нь өнөөдөр болно. Учир нь өчигдөр ХҮН-ын Төв хорооноос мэдээлэл хийж, С.Ганбаатарыг намынхаа даргаас буулгасан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Түүний оронд Б.Найдалааг ХҮН-ын даргаар ажиллах болсныг мэдэгдэж байсан юм.

Тэгвэл ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн О.Алтангэрэл сэтгүүлчдэд С.Ганбаатарыг намынхаа даргаас буулгаагүй гэсэн аж. Тэрбээр "Манай намын дүрэм "Намын даргыг төлөөллийн төв байгууллага буюу Намын төв хороогоор  хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байгаа.  Төв хороо гэдэг нь АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хуралтай ижилхэн.   Өмнөх Их хурлаараа манай нам Төв хорооны гишүүдээ 56 хүний бүрэлдэхүүнтэй байгаар шийдвэрлэсэн.  Өнөөдөр НТХ-ын гишүүд гэх арваад хүн хуралдаад Б.Найдалааг намын даргаар сонгосон гэж мэдээллээ тараагаад байна. С.Ганбаатар огцроогүй.  НТХ-ын гишүүд өнөөдөр сургалт, семинартай байгаа. Маргааш хурлаа албан ёсоор хийнэ” гэлээ. Мөн хууль бусаар хуралдаж намынхаа даргыг хөөсөн нөхдүүдэд хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн гэв. Үүнээс гадна тус намын удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил С.Ганбаатарыг огцруулсан гэх мэдээллийг хууль бус, үндэслэлгүй хэмээн цахим хэвлэлд ярилцлага өгсөн байсан.

Харин өнөөдөр ХҮН-ын Их хурлаараа батлагдсан албан ёсны Төв хорооны хурал эхэлсэн гэнэ. Хурал зарлах болсон шалтгаан нь ХҮН-ын дотор үүссэн, олон нийтийн дунд эргэлзээтэй байгаа асуудлуудыг шийдэх зорилготой гэнэ.

Гэвч өчигдөр хуралдсан гэх Төв хорооны хурал нь албан ёсных үү эсвэл өнөөдрийнх нь жинхэнэ хурал уу. Олгой хагаравч тогоондоо гэдэг дээ. Харин ХҮН-ын хагарал ийн ард түмэнд нээлттэй байгаа нь сонгууль хүртэл тус нам улс төрийн асуудалд хошуу дүрэлгүйгээр нам тойрсон хэрүүлээрээ популизм хийж ард түмний анхаарлыг татах гэсэн бололтой.

Ч.Төмөрсүх