|

Жинхэнэ ХҮН нь хэн бэ

"Уг нь их гайгүй хүн шиг байсан” гэх харамсал ХҮН-д яг тохирч байна. Улс төрийн отгон хүчин болж байгуулагдан, улмаар боловсролтой сэхээтнүүдээр эгнээгээ тэлж, олон нийтийн дунд эерэг нэр хүнд бий болгож байсан энэ ХҮН өнөөдөр "хүн” биш болжээ. Уг нь уржигдар ХҮН-ын Төв хороо хуралдаж, Б.Найдалааг намын даргаар сонгож, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандын оронд Д.Гантулгыг томиллоо гэх мэдээлэл цацагдсан. С.Ганбаатарыг намын даргаас огцруулж байгаагаа мэдэгдэж, тамгаа албан ёсоор гардуулж байгаа харагдсан билээ. Гэтэл өчигдөр мөнөөх Төв хороо гэгч нь "жинхэнээсээ” хуралдаж, Б.Найдалааг дэд даргаас огцруулж, С.Ганбаатар "Би ХҮН-ын цорын ганц дарга нь мөн” гэж мэдэгдлээ. Ийнхүү энэ нам хоёр даргатай, хоёр ерөнхий нарийн бичгийн даргатай, түүгээр ч зогсохгүй хоёр Төв хороотой мэт төөрөлдлөө. Тэгвэл жинхэнэ нь чухам аль вэ.
Хэн энэ маргааныг хагалах юм бол оо. Маргалдагч талууд хэн хэн нь өөрсдийгөө зөвтгөж, үндэслэлээ намынхаа дүрэм журмаар тайлбарлацгааж байгаа.

Түүгээр ч зогсохгүй, үүнийгээ дотоод ардчилалтай байгааг илтгэсэн эрүүл үзэгдэл гэж тодорхойлж байна билээ. Б.Найдалааг даргаар томилсон ХҮН-ын Төв хорооны ээлжит хуралд нь нийт 30 гишүүн оролцож шийдвэр гаргажээ. Харин С.Ганбаатарыг дарга хэвээр үлдээж, Б.Найдалааг дэд даргаас огцруулсан Төв хорооны ээлжит хуралд 44 гишүүн оролцсон гэнэ. Тус Төв хороо нь 58 гишүүнтэй байдаг аж. Тэгэхээр илүү олон гишүүн оролцсон хурлын шийдвэр гэдгээр маргааныг хагалах уу. Тэгвэл С.Ганбаатарын талд үр дүн очно. Эсвэл тамгатай нь дарга, тамгагүй нь дарга биш гэдэг бага хаадын үеийн зарчмаар асуудлыг шийдэх үү. Тэр тохиолдолд Б.Найдалаа, Т.Доржханд нар давуу байдлыг гартаа авна. Учир нь тамга тэдэнд бий. Харин хэн нь үнэн ярьж байна, түүний зөв гэж үзвэл ялалтыг аль нэг талд заах боломжгүй. Учир нь тэдний хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг одоогоор хэн ч мэдэхгүй байна. С.Ганбаатар өөрийнх нь нэрлэснээр "Бууны ноход” гэх хэдэн нөхөр намаас нь урваж, бусад намын захиалгаар ХҮН-ын нэр хүндийг гутаах гэж оролдож байна гэж ярьж байгаа бол нөгөө талд "С.Ганбаатар хуйвалдааныг өөгшүүлж, намаа самарсан” гэдгийг хэлж буй. Эцэстээ энэ хагарал бяцхан мөргөлдөөн болон хувирч, С.Ганбаатар хамгаалалтын алба хөлслөхөд хүрэв. Нөгөө дарга Б.Найдалаагийн хувьд бууж өгөхгүй бололтой. Уг асуудлаар шүүхэд хандана гэдгээ мэдэгдэв. Тэгэхээр тус намыг бүртгэж авсан Улсын дээд шүүх маргааныг хагалагч болох уу.

Улс төрийн намын хэн жинхэнэ дарга байх вэ гэдэг маргааныг шүүх тасалж байсан түүх Монголд байхгүй. Тиймээс аль нь жинхэнэ "ХҮН” бэ гэдгийг л шийдэхээс нааш хоёр дарга, хоёр ерөнхий нарийн бичгийн дарга, хоёр Төв хорооны аль нь чухам жинхэнэ гэдгийг тогтоох боломжгүй болж ирлээ.  Жинхэнэ "ХҮН” нь хэн бэ гэдгийг тогтоож байж, цаашид энэ хүний ааш авир, дүр төрх, алхаа гишгээ тодрох болж байна.

Д.Дамдинжав

Эх сурвалж: Ардын эрх