Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Үүнээс Увс аймгийн Зүүнговь сум 24 см, Малчин, Хяргас сум 21 см, Улаангом, Баруунтуруун сум 19 см, Завхан аймгийн Баянтэс сум 16 см, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Улаан-Уул сум 15 см, Завхан аймгийн Улиастай сум 14 см зузаан цастай байна.
Харин сар шинийн өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар болон нийт нутгаар цас орж, Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд 6.0 мм, Ховд аймгийн Үенч суманд 4.2 мм, Завхан аймгийн Тэлмэн суманд 4.0мм, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 3.9 мм, Ховд аймгийн Мянган суманд 3,8 мм цас оржээ.
Хэдийгээр сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарсан ч салхи шуурганд уруудсан, төөрсөн, цасанд боогдсон зэрэг цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотой дуудлага өмнөх жилүүдийнхээс бага буюу буурсан үзүүлэлттэй байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.