|

Архидалт гамшгийн хэмжээнд хүрлээ

Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа, тамхийг зохисгүй хэрэглэх нь хавтгайрч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг хүний аюулгүй байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр гамшгийн хэмжээнд хүрээд байна.

Иргэншсэн нийгэмд хүмүүс алжаал тайлах хэлбэрээр архи, дарсыг маш зохистой хэмжээнд хэрэглэдэг. Эрүүл мэндийн хувьд архийг зохистой, стандарт хэмжээгээр хэрэглэдэг ахимаг насны хүмүүс судасны өвчний улмаас нас барах нь бага байдаг нотолгоо байна. Энэ нь архийг стандарт хэмжээнд хэрэглэх боломж байна гэдгийг харуулж байна. Иймд согтууруулах үйлчилгээтэй ундааг аль болох стандартын хэмжээнд ууж байхыг зөвлөе. Даанч манайхан архинд донтох нь эхсэж буй нь харамсалтай. Үүнээс үүдээд автомашины осол, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн доройтол, боловсролын уналт, хүн амины хэрэг гэх мэт олон асуудалууд урган гарч ирдэг. Тиймээс бүх муу муухайн эхлэл бол архи гэдэг. Бид бүгдээрээ архины хор уршгийг мэддэг боловч, харамсалтай нь бүх нийгмээрээ автаад л, шингээд л байна.

Өнөөдрийг хүртэл зарим хүмүүс бага зэрэг архи эрүүл мэндэд тустай гэж үздэг байсан бол, энэ нь харин ч эсрэгээр ямар ч сайн нөлөөгүй болохыг тогтоожээ. Шинэ Зеландын Аукландын их сургуулийн судлаач Род Жексон, Өчүүхэн хэмжээний архи ч гэсэн маш муу нөлөөтэй гэж байна. Архийг хамгаалсан алдаа нь энэ бүх буруу ойлголтын эхлэл болжээ. Ямар ач тусгүй архины ашиг тусыг нь авах гэсээр бүх бие махбодь чинь тэр чигээрээ сүйрэлд орно гэсэн үг.

Статистикийн мэдээллээс үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн нь архины хэрэглээнд төрийн цогц хяналт үгүйлэгдэж байгааг сануулж байгаа юм.

Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь гуравхан сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны гуравхан сая хүн амтай манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт юм.

Аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын нэг хүнд жилд 28 литр архи оногдож, 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногддог болсон нь дэлхийн ямар ч улстай харьцуулашгүй өндөр байна. ДЭМБ-ын манай улсын 5 хүний нэг нь архинд донтох эмгэгтэй болсон гэсэн судалгаа гаргасан байна.

Тамхи, мансууруулах бодис хүн амын нас баралтын гол шалтгаан болж байна.  Дэлхий дээр нас баралтын шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг нөхцөлдүүлэгч эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвний гурав нь тамхи татах, цусны даралт ихсэх, цусан дахь холестрины хэмжээ нэмэгдэхтэй холбоотой байна гэсэн судалгааны дүн ДЭМБ- аас гарсан байна. Мөн 2030 он гэхэд тамхидалтаас шалтгаалсан нас баралт бага, дунд орлоготой орнуудад 2 дахин өсч 6,8 саяд хүрэх тооцоолол гаргасан байна.

Архины хортой хэрэглээ нь юуны түрүүнд хөгжил буурай улс орнуудын хамгийн тулгамдсан асуудал бөгөөд архинаас шалтгаалсан сэтгэцийн өвчнүүд, амиа егүүтгэх, хавдар, халдварт бус өвчнүүд, элэгний цирроз гэх мэт 60 гаруй төрлийн өвчин үүсдэг.

Манай улсын эрчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 5 хувь нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг байна. Эмэгтэйчүүдийн 13.6 хувь нь архинд донтсон  гэсэн статистик мэдээ байна.  Европт энэ үзүүлэлт дунджаар ердөө таван хувь л байдаг  байна.

Манай оронд сvvлийн 15 жилд архинд донтох өвчний эзлэх хувь 2.7 дахин өссөн аж. Хордлогын яаралтай тусламжийн vндэсний төвийн албан ёсны мэдээ баримтаас vзэхэд сvvлийн таван жилд, жил бvр архины цочмог хордлого бvхий 180-200 өвчтөн ирж тусламж авч байгаагийн зургаан хувь нь нас барсан байна.

Архийг амьдралын амин чухал хэрэглээ болгосон хүмүүс тэхүү хорт муу зуршлаасаа хагацах сэтгэлийн тэвчээр, хувь хүний итгэл зүтгэл чухал. Хорь, гучин жил архи уусан хүн одоо архийг бүрэн орхиж сайн сайхан амьдраад явж байгаа бодит жишээ байна. Гэтэл архинаас огт гарч чаддаггүй хүн ч бас байдаг. Зарим нь архинаас гарах гээд олон янзын эм, тариа, архи тамхинаас гаргадаг наалт, мөн бөө засал хийлгээд ч нэмэргүй гэж ярих нь бий. Хүн сэтгэлийн амьтан шүү дээ. Өөрөө ухамсарлаад уухгүй гэвэл уг болно доо. Мөн тухайн хүний зан авир, сэтгэл зүйн чанар, орчинтойгоо зохицох байдал нөлөөлдөг. Тухайлбал, ганцаардмал, зожиг хүн бухимдлаа тайлах гэж архи уудэг гэх. Үүнд нийгмийн нөлөө бас байдаг. Ажилгүйдэл, санхүүгийн бэрхшээл, ядуурал, аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд архи уухад нөлөөлдөг.

Мэргэжилтнүүд архийг хар тамхинд орохын өмнөх шат гэж үздэг. Жил ирэх тусам согтууруулах ундаа хэрэглэгчдийн нас улам залуужиж байгаа нь ирээдүй хойчдоо санаа тавьдаг хэн бүхний сэтгэлийг түгшээсэн асуудал болоод байна. 

Ж.Ууган

Эх сурвалж: erennews.mn