|

Ардчилсан Үндсэн хуулийг минь “сэглэчих” вий дээ!"

1992 оны ардчилсан үндсэн хуулиа өөрчилнө гэж МАНАН-мафийн бүлэглэлийн хэсэг хүн, "хутга сэрээ’’ бариад давшилж байна. Гуч ч хүрэхгүй жилийн өмнө гурван сар шахам хэлэлцэж байж баталсан шинэ ардчилсан үндсэн хууль бол муу хууль биш гэдгийг даян дэлхий мэднэ. Ганцхан, муу хүмүүс үүнийг хэрэгжүүлж ирсэн. Хууль мэддэггүй, хуульгүй загнадаг эрх баригчид идсэн уусан, алсан талсан, гадныхантай хамсан эх орноо цөлмөсөн бүх буруугаа өнөөдөр "Үндсэн хуулиас болсон” гээд энэ гайхамшигт бичиг баримтаа газар доогуур ортол нь муулж яваа. Тэгээд бүхний "буруутан” ардчилсан  үндсэн хуулиа бүлэглэлүүд, хувь хүмүүс, олигархууд, нэмэлт өөрчлөлт хийнэ гээд давшилж байгаа нь энэ.

Би, шинэ ардчилсан Үндсэн хуулийг батлахад сурвалжлагчаар ажиллаж байсан хүний хувьд дахиад хэлье. Гайхамшигтай сайн хууль. Монголын сор болсон олон зуун охид хөвгүүд, дал гаруй хоног нойр хоолоо умартан энэ үндсэн хуулийг хэлэлцэж, баталж байсныг би нүдээр үзэж, чихээр сонсож байсан. Үндсэн хуулийг өгүүлбэр, үг тус бүрээр нь хэлэлццэг байж билээ. Зарим маргаантай зүйлийг цаг сунгаад шөнө дөл болтол хэлэлцдэг байсныг санаж байна.

Ерөнхий сайд агсан П.Жасрай сүүлд нэг удаа яриан дээрээ: "Манай Үндсэн хууль сайн хууль болсон. Зуун жил гар хүрэхээргүй сайн  хууль болсон” гэж билээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат хуульч Б.Чимид гуай нэг удаа: "Бид шинэ ардчилсан үндсэн хуулийг бүтээхийн  тулд  дэлхийн 60 орны үндсэн хуулийг судалж, харьцуулж, Монголынхоо нөхцөлд нутагшуулсан. Иймээс "дэлхийн хууль” гэж хэлж болохоор сайн хууль гэж хэлж чадна” гэсэнсэн.

Ардчилсан үндсэн хуулийн талаар олон арван хүний ийм тодорхойлолт бий. Өнөөдөр МАНАН-мафийнхан гучаад жил үндсэн хуулиа уландаа гишгэж ирсэн эрх ямбаа эвдэхгүйн тулд "нэмэлт өөрчлөлт” нэрийн дор санаатай, аймшигтай зүйлүүдийг суулгаж өгөх гэж байгаа нь хэний ч өмнө илэрхий. Улсын их хурлаар хэлэлцэгдэхээр хоёр хуулийн төсөл явж байгаа. Нэг нь "Д.Лүндээжанцан тэргүүтэй 62-ын”, нөгөө нь "Х.Баттулгын” гэсэн нэршилтэй.

Энэ хоёр төслийн аль нь ч эрх баригчдын хуйвалдааны бүтээгдэхүүн юм. Эрх баригч намынхан, Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан хуулийн төслийг  УИХ-аараа "санал” болгон хэлэлцэх гэнэ. Тэгж  болдог юм уу?!  Муу ч, сайн ч, хуулийн төсөл гээд өргөн баригдчихсан зүйлийг олонх нь хүч түрээд "санал” болгочихыг би одоо л үзэж байна. Судлаач Д.Чулуунжав өдөр тутмын нэр хүндтэй сонинд бичсэн "Амрыг бодож, аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед төр ялзардаг жамтай” хэмээн гарчиглан бичсэн том өгүүлэлдээ өнөөдөр Монгол Улс ямар болчихоод байгааг: "Энэ байдал цаашйд 4-6 жил үргэлжлэх аваас жирийн иргэдийн 60-70 хувь нь ирээдүйдээ, энэ нийгэмдээ, Монгол үндэстэндээ итгэл алдарч архи, тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэг, золбирол, элдэв дүрсийн мафи маягийн холбоо, харилцаа мэтэд нэлэнхүйдээ шахам автах болно...” гэжээ. Судлаач маань энэ үндэслэлээ түрүүчийн, бас өнөөгийн Ерөнхийлөгчтэй холбож бичсэн бололтой юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчпөлтийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд хүмүүс ам султай байгаа. Хэд хэдэн хуульч судлаачид энэ төслийг "маш муу” гэж дүгнэсэн байна билээ. Үндсэн хууль судлаач О.Машбат: "Өдрийн сонин”-д өгсөн "Ерөнхийлөгч оруулж ирсэн төсөлдөө УИХ, Засгийн газар хоёрыг хэрэггүй гэчихэж” гэсэн гарчигтай, "энэ төслийг бичсэн хүнд үндсэн хуулийн талаар лекц уншмаар санагдаж байна" гэсэн давхар гарчигтай ярилцлагадаа: "... хатуухан хэлэхэд энэ төслийг бичсэн хүнд Үндсэн хууль гэж ийм зүйл байдаг юм гэж лекц уншмаар санагдаж байна... Үндсэн хууль, улс төр судалдаг хүний хувьд хэлэхэд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс энэ нь арай дөнгүүр юмдаа гээд оруулчих зүйл алга..” гэсэн байгаа. Даанч дээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл шүү дээ. 

Энэ төслийг боловсруулахад Х.Баттулга Ерөнхийлөгчөөс гадна тамгын газар, хуулийн зөвлөх гээд нүсэр бүтэц, хариуцлага  хүлээх хүмүүс бий. Хамгийн чухал хуулийн төслөө "маш муу” боловсруулчихдаг нүсэр аппараттай Ерөнхийлөгч маань улсын Их хурлаа тараахаас өмнө өөрөө аяа бодвол яасан юм?! Би, Х.Баттулга Ерөнхийлөгчийн өргөн бариад байгаа хуулийн төслийн хэдэн гол зүйп дээр санал нийлэхгүй байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгон таван жилээр сонгох, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилж өгөх гэсэн санаа бодол чинь үндсэн хуулийг өөрчилнө гэж хашгиралдаад байгаа бүлэглэлүүдийн гол зорилго юм шүү дээ. Энэ чинь ердөө л туулж өнгөрүүлж байгаа гучаад жилийн тогтолцоог хэвээр үргэлжлүүлье, МАНАН-мафийн системээ хадгалж үлдье л гэсэн бодлого. Үүндээ ард түмний нэр бариад байгаа нь худлаа. Санал авч байгаа нь энэ гээд, өөрсдийгөө дэмждэг, өөрсдийн намын хэдэн хүнээр яриулаад л болчихдог. Масс бол хэзээ ч УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоё, таван жилээр сонгоё гээгүй шүү дээ. Гол нь сонгуулийн тогтолцоо. Ерөнхийлөгчийн төслөөр бол энэ 108 хүний 54 нь ард түмнээсээ шууд сонгогдож, 54 нь намын нэрсийн жагсаалт гэх луйврын жагсаалтаар УИХ-д орж ирэх юм байна.

МАНАН-мафийнхан түрүү нэг удаа үндсэн хуулийнхаа заалтыг зөрчин энэ холимог тогтолцоо гэдэг луйврын аргаар, төрийн эргэлт хийж ямар юм боллоо, ард түмэн мартаагүй байгаа. Энэ "холимог тогтолцоо” гэх сонгуулиар Ардчилсан намаас Н.Алтанхуяг, З.Энхболд, Д.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, Р.Гончигдорж, Ардын намаас Сү.Батболд, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нарын зэрэг хүмүүс УИХ-д сонгогдолгүйгээр орж ирээд байраа эзэлчихэж билээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ардчилсан үндсэн хуульд: "Улсын их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно...” гэсэн байгаа. Үүний иргэн хүн "Шууд” сонгоно гэсэн заалтаас чинь эд  үхтлээ айж байгаа юм. "Шууд” сонгоно гэхээр чинь эднийг ард түмэн сонгохгүй. Тэгэхээр л намын далбаан дор шургалж сурсан З.Энхболд, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан мэтийн хүмүүс холимог тогтолцоо гэдгийг мөрөөдөөд, амь хайргүй зүтгээд байгаа юм л даа.

Энэ тогтолцоог үндсэн хуульд хуульчлаад өгчихвөл дараагийн УИХ-ын сонгуулиар  Ардчилсан намаас З.Энхболд.С. Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Э.Бат-Үүл, ТЕГ-ын дарга асан Б.Хурц МАН-аас С.Баяр, Сү.Батболд, Д.Лүндээжанцан, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Д.Оюунхорол, ‘Жаст”-ын Ш.Батхүү нар намын нэрсийн жагсаалтаар УИХ-д ороод ирэх магадлал тун өндөр. Ер нь л МАНАН-мафийн тогтолцоондоо үнэнч хүмүүсийн эцсийн шийдвэрлэх алхам нь ардчилсан үндсэн хуулиа "сэглэх” явдал болчихлоо. Хүмүүс надаас "Та намын нэрсийн жагсаалтаар УИХ-д орж ирэх хүмүүст ТЕГ-ын дарга асан Б.Хурц, "Жаст”-ын Ш. Батхүү хоёрыг яагаад оруулав” гэх байх. Би үүнд товч тайлбар хийе. Б.Хурц 2020 оны сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшинэ хэмээн УИХ-ын цөөнхийн бүлгийн дарга асан Д.Эрдэнэбаттай ярилцаж байгаа бичлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаныг та нар санаж байгаа байх. Холимог тогтолцоог хуульчилбал АН-ын нэрсийн жагсаалтын эхэнд бичигдэх хүн Б.Хурц байхыг үгүйсгэхгүй. Шаравлацдангийн Батхүү бол МАН-ын "тахилгатай өндөрлөг”- үүдийн нэг. Түүний хэргийг шийдэхгүй хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг л хүлээгээд байгаа. Хэдэн сарын дараа Ш.Батхүүг хөөн хэлэлцэх хугацаагаар хэргий нь хэрэгсэхгүй болгож, цагаатгах байх. Тэгээд л дараа дараагийн сонгуулиар Ардын намын нэрсийн жагсаалтад нэлээд  дээгүүр бичигдэнэ дээ. Ийм, байдал ажиглагдаж, учир мэдэх хүмүүс шивнэлдэж байгаа учраас би дээрх нэрсийн жагсааптад оруулсан юм шүү.

Ерөнхийлөгч Х.Баттулгын төсөлтэй санал нийлэхгүй байгаа өөр нэг зүйл бол намуудыг тараагаад дахин шинээр бүртгэх санал юм. Монголд 801-ээс дээш хүн эвлэлдэж нэгдээд нам байгуулдаг ардчилсан зарчим байлаа. Одоо 50001-ээс дээш тооны гишүүнтэй намыгбүртгэнэ гэнэ. Ийм гишүүнчлэлтэй  нам Монголд АН, МАН хоёр л байгаа байх. МАХН дөхөж очих юм уу, үгүй юу, мэдэхгүй. Энэ юу гэсэн санал вэ? гэхээр Монгол Улс ердөө л хоёр нам (МАНАН)-тай байя гэсэн санаа л даа. Үндсэн хууль судлаач О.Машбат: "Улс төрийн зорилгын хувьд МАНАН-гийнхаа  дэглэмийг  хадгалж үлдэнэ л гэсэн үг” хэмээн тодорхой дүгнэж хэлсэн байна билээ. Учир мэдэх хүмүүс бол "Энэ хоёр намын удирдлага өөрсдийнхөө санаа бодлыг Ерөнхийлөгчид хууль болгон бариулаад оруулж ирлээ” гэцгээж байна. Оносон ч таамаг байх.

Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьж байгаа төсөлд Улаанбаатар хотын Баянзүрх, Согинохайрхан дүүргүүдийг хот болгож, бусад дүүргийг сумын статустай болгоно гэнэ. Дэлхийд сая гаруй хүнтэй нийслэл гэж зарлаад байгаа Улаанбаатар хотоо хэн дуртай Ерөнхийлөгч нь гарч ирээд дундуур нь хувааж хот болгоод байж таарах юм уу?! Урьд нь хот байсан, нийслэлээсээ алслагдсан Бага-нуур, Багахангай, Налайх, Гачууртыг бол дагуул хот болгож болох л байх. Харин хотын төвөөрөө хил залган оршдог Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг тусдаа хот болгоно гээд зарлах нь хэний ч ухаан санаанд багтахгүй байна. Хүмүүс бол үүнийг "Ямар тэнэг-ийнх нь толгой тархинаас гараваа? л гэлцэж байна. Ухаантнууд шүүн хэлэлцэх юм байгаа биз дээ!

Манай Ерөнхийлөгч өргөн барьсан хуулийнхаа төслийг батлаад, УИХ өөрөө тарахыг дахин уриалжээ. Хичнээн ч удаа УИХ-ыг тар гэв дээ. Хүмүүс бол "Манай Ерөнхийлөгч амин хувийнхаа хэргийг бүтээж аваад парламентаа тараахаар шийдлээ” л гэцгээж  байна. М.Энхболдыг огцруулж, шүүх прокурорын удирдлагыг өөрийнхөө хүмүүсээр дүүргэж  аваад УИХ шиг хэрэггүй юмгүй болж л гэж харагдаад байгаа. Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон нэг онцгой эрх ямба бий. "Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний  эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гээд Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заачихсан байдаг. Тэгтэл Х.Баттулга Ерөнхийлөгч маань Ардчилсан намын хэдэн хүнтэй дуу хоолойгоо ес нийлүүлээд, тарцгаа гэж загнаад, уриалаад байж болдог юм уу?! Ерөнхийлөгчийн зөвлөх нь удирдаад төрт ёсны их баяр  наадмын өмнөхөн хүний цус юүллээ. Энэ чинь Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын үйл ажиллагаанд нийцэж байгаа юмуу...УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулахаас наана Улсын Ерөнхийлөгчийн тухай, түүний тамгын газрын тухай, зөвлөхүүдийнх нь тухай олон түмний бухимдал яаж  өрнөж байгааг, нийгмийн сэтгэл зүйгээр нь ойлгож л баймаар  юм даа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар  удирдуулсан хэсэг бүлэг хүний санаачлаад, парламентаараа хэлэлцүүлж эхлээд байгаа "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийн тухай хэдэн зүйл хэлмээр байна. Энэ төсөл бол бүхэлдээ бүлэглэл, хувь хүний ашиг сонирхолд нийцсэн төсөл болсон байна. Би, гол хэдэн баримтаа авъя. Өнөөх ялсан намын эрх баригчдад үйлчилдэг Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг чинь есөн жилээр, өнөөх МАНАН-мафи-д үйлчилдэг Улсын дээд шүүхийн гишүүдийг чинь 12 жилээр томилно гэнэ. Энэ чинь, УИХ-д одоо суугаа Д.Лүндээжанцан нарын хэдэн хуульчид ҮХЦ-д очих замаа зассан, хуульч хүүхдүүдээ Улсын дээд шүүхэд 12 жил тарвалзуулах гэсэн л бодлого. Үүнийгээ Үндсэн хуульд суулгаж өгөх нь. Тэр нэмэлт өөрчлөлт гэдэг дунд дан ийм зүйл хавчуулагдаж яваа.

Монголд Үндсэн хуулийн Цэц гэдэг албаны байгуулсан гавьяа бий юу? Төрөөс санхүүждэг, төрийн өндөр халамж хангамж эдэлдэг, төрийн эрх баригчдад үйлчилдэг л газар шүү дээ. Хүмүүс ҮХЦ-д итгэл алдарсан. Учир мэдэх хүмүүс ҮХЦ-ийг татан буулгаад эрх үүргийг нь Улсын дээд шүүхэд хавсруулъя гэсэн санал гаргаж байсан.

Тэгтэл Д.Лүндээжанцан маань хугацааг нь уртасгаад есөн жилээр томилох төсөл барьчихсан давхиж яваа. Улсын дээд шүүхийн гишүүдийг 12 жилээр томилох гэнэ. Өнөөх МАНАН-мафийнханд үйлчлээд томчууд холбогдсон 23 ноцтой хэргийг дарчихаад суугаа, гэмт этгээдүүдийг суллаад гадаадад оргуулчихдаг УДШ-ийн гишүүд 12 жил, тэр өндөр суудалд суух нь л дээ. Дөчтэй очсон хүн бараг л тэтгэвэрт гартлаа тэр зөөлөн суудалд залрах нь! Д.Лүндээжанцан гэж хүнээ би мэднэ ээ. Ийм зүйл найруулж явдаг хүн. Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхийлөгчид 55 нас хүрсэн хүнийг зургаан жилээр сонгоно гэсэн байгаа. Өөрсдөдөө тааруулж байгаа нь энэ. Аягүй бол дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Д.Лүндээжанцан өрсөлдөх нь л дээ. Ид хийж бүтээх насандаа яваа 55 хүртэлх насны залуучуудыг ялгаварлан гадуурхсан хуулийн төсөл оруулж ирж байгаа нь энэ. Монголчуудын дунд "дөрвөө дарсан ат, дөчөө дарсан эр” гэж нэг сайхан хэлц үг байдаг сан. Дөчин нас бол хүний хийж бүтээх, хийснээ үнэлүүлэх хамгийн сайхан нас. Дөчтэй юмуу, дөчин тавтай Ерөнхийлөгч байж яагаад болдоггүй юм?!  55 гэдэг чинь эмэгтэй хүн бол тэтгэвэрт гарах, эрэгтэй хүн бол тавхан жилийн дараа тэтгэвэрт гарах нас шүү дээ. Иргэдээ ийм хэт ялгаварласан, нас хүйсээр нь гадуурхсан заалт үндсэн хуульдаа оруулж болдог юм уу?!

Өнөөх л Монголын нэртэй хуульчид, судлаачдаас нууж боловсруулсан, Д.Лүндээжанцан ахлагчтай ажлын хэсгийн зэрэмдэглэсэн үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд гэдэг нь энэ дээ. Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Батттулгадаа үзүүлж саналыг нь авалгүй, үндсэн хуулийн л манаа -ҮХЦ-дээ мэдэгдэлгүй, ард түмнээрээ тууштай  хэлэлцүүлэлгүй, олонхоор хүч д түрэн батлах гэж байгаа нь энэ. 

Ер нь тэгээд, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн олон тэрбум төгрөгийг, зохион байгуулалттайгаар хулгайлаад идчихсэн  50 гишүүнтэй, эмэгтэй хүн , хүчирхийлдэг гаж донтонгуудтай, архичин согтуу авгай нартай аллага авлигын хэрэгт нэр нь холбогддог этгээдүүдтэй, ийм парламент ардчилсан үндсэн  хуулиа өөрчилдөггүй юм. Ноцтой хэрэг явдлуудад хуулийн байгууллагаар шалгагдаж байснаа цөөн хэдэн шүүгч прокуроруудаар  хэрэгсэхгүй болгуулаад  тэднийхээ барьцаанд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга, ялалт байгуулан төр засгийн эрхийг  барилцаж байсан Ардчилсан намаа есхөн суудалтай болтол й нь ялагдуулсан З.Энхболд нар Эх хуулиа өөрчлөх ёс суртахууны ,эрх байхгүй. Улсын их хурал дахь бүлгээсээ аль шударга дайчин гишүүдээ хөөж туун, бүлэггүй  болгочихоод  Ардчилсан намыг  бутаргахын даваан дээр байгаа  АН-ын УИХ дахь зөвлөл, түүний ахлагч Д.Эрдэнэбат мэт нь үндсэн хууль гэдэг энэ хүндтэй, түүхийн баримт бичгийг өөрчилдөггүй юм аа. Цаг нь ирэхээр зайлшгүй  Ардчилсан Үндсэн хуулиа өөрчлөх, ухаалаг, шударга  дайчин запуус цаана чинь хүлээж байгаа. Ардчилсан үндсэн хуулийг минь"сэглэчих”вий дээ!

Г.Жамьян (МУСГЗ)