|

170 иргэн тусгаарлалтад байна

Энэ сарын 25-ны шөнө ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор дамжин ирсэн 23 иргэнийг тээвэрлэн авч ирж Дархан-Уул аймагт тусгаарласан байна. Өнөөдрийн байдлаар 4 иргэн ажиглалтаас гарч байгаа бөгөөд тусгаарлалтад нийт 170 иргэн байгаа аж. 
Ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, халуурсан хүн байхгүй. Тусгаарлах байруудад нийт эмч 6, сувилагч 7, үйлчлэгч 7, тогооч 2 бүгд 22 хүн ажиллаж байна. Ажиглан тусгаарлах байрны хамгаалалтад цагдаагийн 7 алба хаагч, 4 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.  Ажиглалтаас гарч буй иргэд гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах юм. Халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлэх зэргээр эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагах юм. Нийт иргэдэд улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, байгаа орчин ахуйдаа ариун цэврийг сайтар сахиж, өндөр хариуцлагатай байхыг анхааруулж байна. 
2020 оны 3-р сарын 26-ны өдрийн сумын Засаг даргын А/41 тоот захирамжаар 26-ны өглөөний 08:00 цагаас 3-р сарын 28-ны өдрийг дуустал Алтанбулаг суманд хөл хорио тогтоосон байна. Учир нь Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ийнхүү хөл хорио тогтоож хилээр нэвтрэхийг түр хязгаарлажээ.

Л.Отгонбаатар