[code][/code]Таван хошуу малын дүрстэй Бүгд Найрамдах Улсын хуучин сүлд хавтасны нүүрэн талдаа залсан Дархан хотын хүндэт дэвтэр. Энэ дэвтрийг Дархан хотын суурийг тавьсны хойтон нь 1962 онд нээжээ. Хатуу хавтастай зузаан улаан дэвтрийг их олон хуудастай хийсэн нь ч учиртай. Харин энэ дэвтэрт 2005 оноос хойш салхи оруулаагүйгээс болоод тоосонд дарагдаж мартагдсан байжээ.
Дэвтрийг аймгийн Засаг Дарга А.Энхболд сэргээлээ. Тэрбээр ярихдаа: - Энэ дэвтрийг 11 жилийн дараа олж авах үед тун билэгшээлтэй үйл давхацлаа. Дэвтрийг гаргаж ирээд тоос шорооноос нь цэвэрлэсэн тэр өдөр Гавъяат жүжигчин Б.Сарантуяа Дарханд ирж таарсан.
Дуучин Сарааг манай Дарханы унаган охин гэдгийг бүгд мэднэ. Аав Батмөнх нь Керамзитийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан, ээжийнх нь олон шавь Дарханд бий. Хотынхоо билэг дэмбэрэлээ бодон Монгол Улсын гавъяат жүжигчин Б.Сарантуяаг төрийн ёслол хүндэтгэлийн өргөөндөө урьж хүлээн авч хүндэтгэл үзүүлэн хотынхоо Хүндэт дэвтэрт нэрийг нь бичин мөнхжүүлж өргөмжлөл гардуулсан. Одоо ингээд бид Дархан хотын Хүндэт дэвтрийг ахмадууд маань анх нээж эхлүүлсэн тэр л журмынх нь дагуу цаашдаа тогтмол үргэлжлүүлэн хөтлөх болно” гэж байна.
Хүндэт дэвтрийг сөхөнгүүт л Дархан хотын түүх тэр чигээрээ дурайж байлаа. Хамгийн эхний хуудсанд Хөдөлмөрийн баатар саальчин Долгорын Тамжидийг анхлан бичжээ. Араас нь Дарханы бүтээн байгуулалтад оролцож хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан олон алдартнууд жагссан байх юм.
Орос ах нар их олон оржээ. Чех, Польш, Болгар, Унгар, Герман хүмүүсийн нэрс зурагтайгаа байна. Хөдөлмөрийн баатар, гавъяатууд, төрийн шагналтнууд бүгд байна. Шарын голын уурхайчин Ч.Цэрэндорж, П.Очир барилгачин Г.Тэгшжав, Н.Цэдэнпил, Силикатын үйлдвэрийн дарга А.Чүлтэм, самбо бөхийн дэлхийн аварга М.Пунцаг, сэтгүүлч И.Гүрринчен, жүжигчин С.Бужгар, Б.Энхбат, С.Соёл-Эрдэнэ гээд цувна.
Найрамдлын хотын түүх өнө мөнхөд тасралтгүй баяжих болтугай!
ДАРХАН ХОТ, БУРХАНТЫН ХӨНДИЙГӨӨС Т.ЛОДОН