Орон даяар мал тооллого өнөөдрөөс /12.07/ эхэлж байна. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэхэд ач холбогдолтой юм. Мал тооллогын комисс, тооллогын группууд хариуцсан нутаг дэвсгэртээ тооллогын ажил хаанаас эхэлж, хаана дуусгах талаар график төлөвлөгөө гаргаж тооллого явуулах өдөр, цагийн товыг айл өрхүүддээ мэдэгдэн, мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг. Тоологч нь малыг нүдээр үзэж тоолж малын карт маягтыг тухайн өрхийн тэргүүлэгч болон мэдээлэл өгч чадахуйц өрхийн гишүүнээр бүрэн гүйцэд нөхүүлэн авч баталгаажуулан өрхийн тэргүүлэгчээр гарын үсэг зуруулах, тухайн өрхийн малыг тоолсныг баталгаажуулан өрхөд цоохрыг үлдээх /малын төрөл бүрээр, нийт дүнгээр хэрэгтэй. Тооллогын явцад малыг амаар бүртгэдэг, тавиул малыг тооллогод бүрэн хамруулдаггүй, малчид, мал бүхий иргэд малаа тооллогын өдрүүдэд бэлэн байлгадаггүй, оторт яваа мал орхигддог, давхарддаг, хяналтын тооллого чанар муутай хийгддэг , тооллогын комисс үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэдэггүй, аж ахуйн нэгж, байгууллагын малыг бүрэн тоолдоггүй, тоолсон малыг программд шивэхгүй орхигдуулдаг гэсэн шүүмжлэл арилахгүй байна. Иймд нөхцөл байдалтай уялдан сумдын тооллогын комиссын болон иргэд гарч буй зөрчил, дутагдлыг газар дээр нь залруулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулж байна.
Эх сурвалж:www.polit.mn
Т.САЙХАН