|

Хүн ам орон сууцны завсрын тооллого явагдаж байна

Манай аймагт 5 жил тутамд явагддаг "Хүн ам орон сууцны завсрын тооллого” 8 дугаар сарын 1-ээс эхэлсэн бөгөөд энэ сарын 31-нд дуусгавар болгоно. Энэ удаагийн хүн ам, орон сууцны завсрын тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. 
 
Монгол Улсын "Хүн ам орон сууцны тооллогын тухай” хуулийн 7.1.1-д хүн ам орон сууцны ээлжит тооллогыг 10 жилд тутамд улс орон даяар явуулах, 7.1.2-д ээлжит тооллого хооронд 5 жил тутамд завсрын тооллогыг явуулах талаар заасан. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хүн ам орон сууцны завсрын тооллогыг 2015 онд улс даяр зохион байгуулж байна. Завсрын тооллого нь ээлжит тооллогын мэдээллийг тодотгох, шинэчлэн өргөжүүлэх зорилготой хүн ам зүй, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгаа хэлбэртэй явагддаг. Тус тооллогын тов, үргэлжлэх хугацаа, хамрах хүрээг Yндэсний статистикийн хороо тухай бүр тогтоодог байна. Энэ удаагийн хүн ам, орон сууцны завсрын тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулагдаж байгаагаараа "Сонирхолтой Статистик”-ийг гаргаж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны цахим хуудсаар Монгол улсын иргэн регистерийн дугаараараа бүртгүүлэн нэвтэрч өөрийн амьдардаг багт хөтлөгддөг "Хүн ам өрхийн бүртгэл”-ийн сан дахь өөрийн мэдээллээ шалгаж баталгаажуулсанаар энэхүү тооллогод шууд хамрагдах юм. Түүнчлэн тооллогын гэрээт ажилтан өрхөд очиж " Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллийг шинэчлэн баяжуулах ажил хийгдэж байна. 
 
Хүн ам орон сууцны завсрын тооллогод манай аймгийн өрхийн 95 хувь нь хамрагдаад байна. Одоогоор бүртгэлтэй хаяган дээрээ огт байхгүй өрхийн бүртгэлийн асуудал үлдээд байгаа юм. Хүн амын завсрын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт 183 хоногоос дээш хугацаатай оршин сууж байгаа болон оршин суухаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гадаадын харьяат иргэн, харьяалалгүй хүн, гадаадад оршин суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүл, гадаадад ажиллаж, суралцаж байгаа болон хувийн хэргээр оршин суугаа Монгол Улсын иргэн хүнийг хамруулна хэмээн ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ хуулийн 10 дугаар зүйлд заасан байдаг.