|

1072 хувьцаа ”амилах уу”

1072 хувьцаа ”амилах уу”

 

Монгол Улсын иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувцааг  өгч байсан цаг саяхан. Харамсалтай нь сураг төдий байсаар байгаа энэхүү хувьцаа "амьгүй албат” гэдэг шиг тоо төдийнхөн байсаар өдийг хүрлээ. Яах вэ, зарим нэг нь оюутны сургалтын төлбөрт өгсөн байх. Зарим хөгшид хувьцааны мөнгөө авсан нь ч бий. Мөн 2016 оны сонгуулийн өмнө зарим хүмүүс 322  ширхэг хувьцаагаа 300 мянган төгрөгөөр зарсан. Түү­нээс өөрөөр бол 1072 ширхэг ху­вьцаа амилаагүй. Харин Зас­гийн газраас энэ сарын 01-ний өдөр гэхэд "Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын "Чалко” компанийн өрнөөс гарна гэж байсандаа хүрч, гуравдугаар сарын 30-ны өдөр тус  компанид өгөх ёстой байсан 110 сая ам.долларыг барагдуулсан юм. Өр дарсаныг нотолсон  санхүүгийн баримтыг "Эрдэнэс-Тавантолгой” компа­нийн удирдлагууд өнгөрсөн сарын 30-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулан өгч, хэсэгтээ л баяр хөөр боллоо.

 

Ер нь бол Монгол Улсын Засгийн газар "Чалко” компанид 350 сая ам.долларын өртэй байсан. Тэгвэл одоогийн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболдыг ажил хүлээж авахад 110 саяын өр үлдсэн байж. Мөн  олборлогч компани болох  ”ТТJVCO”- д 64 сая ам.долларын өртэй байсан аж.

 

Эдгээр өрийг долоон сарын хугацаанд барагдуулж дууслаа. Тэгэхдээ зөвхөн Зүүн Цанхийн нүүрсээр. Сардаа 600 тонн нүүрс олбоолоод, түүнийхээ 200-г нь "Чалко”-д өгч байсан юм билээ.   Одоо "Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээрээ өр дарах биш, улсын төсөвт мөнгө оруулахаар боллоо. Дээрээс нь өнөөх алдарт 1072 хувьцаа "амь орох” нөхцөл ч бас бүрдэж байна. Тийм болохоор баярлахгүй гээд яах билээ.

 

Зөвхөн өрөө дарсанд ч биш, ард түмэн хувьцааныхаа ногдол ашгийг авах нь гэж баярлаж байгаа юм. Гэхдээ хэзээ, яаж, хэдэн төгрөг авах вэ гэдэг нь одоохондоо бүрхэг байна.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өр дарсан санхүүгийн баримтыг хүлээж авах үеэрээ  "Авсан өрөө бүрэн төлсөн та бүхний энэ эхлэл булган сүүлтэй байхыг ерөөе. Одоо компаниа ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийн төлөө ажилла” хэмээн "Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудад хэлсэн. Харин тус компанийн зүгээс   өнгөрсөн сарын 31-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж,  1072 хувьцаа үнэд орох боломжтой хэмээн мэдээлсэн юм. Ер нь бол  тус компани IPO хийх бэлтгэл  хангаж эхлэх юм байна. Гадаадын бирж дээр гарснаар хөрөнгө босгоно. 

 

Тэр хэрээр иргэдийн Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа үнэд орно.  Ирэх жилийн сүүлчээр гаднаас хөрөнгө босгох боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа гэдгээ хэлсэн. Мөн энэ жилдээ эхлүүлэх хоёр дахь ажил нь нүүрс баяжуулах үйлдвэр. Эхний удаад нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Цаашдаа угсруулж барьснаар жилдээ таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болох аж. Цаашлаад  2020 он гэхэд нүүрс олборлолтыг 35 сая тоннд хүргэнэ. Ингэхдээ "Эрдэнэс тавантолгой” компани өөрсдөө тоног төхөөрөмж, техниктэй болж, олборлолт хийх боломжийг судалж эхэлжээ.

 

Мөн Цанхийн уурхайд олборлолт хийдэг болсон цагт ашиг нь илүү өндөр тусах тооцоо гарсан гэдгийг ч мэдээлсэн.  Энэ дунд бас нэг бантан байгаа нь "Хүний хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт тараасан 200 сая ам.долларыг "Эрдэнэс Тавантолгой” компани дээр өр байдлаар биччихсэн юм билээ. Энэ мөнгөний хүү нэмэгдээд, одоо 239 сая ам.долларын өр барагдуулах болчихоод байгаа аж.

 

Ерөнхий сайдын зүгээс энэ өр төлбөрийг оны төгсгөл гэхэд барагдуулж, компанийн санхүүгийн "өт”-ийг түүх үүрэг өгсөн юм байна. Энэ асуудлыг зөв менежментээр шийднэ хэмээн компанийн удирдлагууд яриад байгаа.  Үүний дараа л  тус компани IPO хийх боломжтой болох юм билээ. Тэгэхээр энэ жилдээ бол иргэд хувьцааны ашиг гордох хэрэггүй байх. Цаашлаад тус компанитай холбоотой бүтээн байгуулалтын ажлууд байна. Боловсруулах үйлдвэр, төмөр зам гэх мэт.

 

Гэхдээ нэг гэрэлтэй мэдээлэл бас бий. Тэр нь Баруун, Зүүн Цанхи зэрэг ажиллаад эхэлсэн. Тэр дундаа Баруун цанхийн нүүрсийг аман дээрээс нь 72.5 ам.доллараар нэг тонныг нь зарж байгаа. Зах зээлийн ханш руу нэлээд дөхсөн өртөг гээд байгаа. "Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдын ярьж байгаагаар бол 2017 онд тус компани нийтдээ 11.5 сая тонн нүүрс борлуулж, улсын төсөвт 550 сая ам.доллар оруулах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Төлөвлөсөндөө хүрч олборлолтоо хийгээд, үнэ энэ хэвээрээ байвал шүү дээ.  Ямар ч байсан нэг үеэ бодвол манайд мөнгө орж ирэх нь. Гэхдээ тэрийгээ шууд ард түмэндээ ногдол ашиг байдлаар тараахгүй нь тодорхой байх. Бас нэг муухан мэдээ бий.

 

Тэр нь "Чалко”-гоос анх 350 сая ам.доллар зээлэхдээ байгуулсан гэрээ ёсоор дахиад таван жил тус компанид Зүүн цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг нийлүүлэх үүрэг хүлээж байгаа юм билээ. Одоохондоо "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд үнээ өсгөх санал тавиад, хэлэлцээр хийж байгаа гэсэн. Хэрвээ үнээ бага зэрэг өсгөж чадвал манайд орох ашиг нэмэгдэнэ. Чадахгүй бол 20 хувиа л ахиухан үнэтэй зарах арга зам хайхаас өөр зам алга.

 

Гэрээ бол гэрээ. Ингээд бодохоор ойрын хэдэн жилдээ 1072 хувьцаа "амь орно” гэж найдаад хэрэг алга. Тэгээд ч Д.Ариунболд захирал "Иргэдийн 1072 хувьцаатай холбоотой бүртгэлийн асуудал нэг мөр шийдэгдээгүй байгаа. Бүртгэлийн асуудал цэгцэрсэний дараа манай компани дүрэмдээ өөрчлөлт оруулж, шинэчилсэн бүртгэл хийсний дараа Хөрөнгийн бирж дээр арилжаалах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Сангийн дэд сайдаар ахлуулсан баг иргэдийн 1072 ширхэг хувьцааг хэрхэн үнэд хүргэх талаар судалж байна.

 

Компанийн санхүү, өрсөлдөх чадвар сайжраад ирэхээр иргэдийн хувьцааны асуудлыг шийдэх бүрэн боломжтой болно. 2017 оны эцэс гэхэд "Эрдэнэс-Тавантолгой" компани өргүй болсноор иргэдийн 1072 хувьцаа илүү үнэ цэнэтэй болно. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг тараахын төлөө компани ажиллах болно” хэмээн ярьсан.  Ер нь бол тодорхой зүйл одоохондоо алга. Эхлээд компани санхүүгийн бүх асуудлаа шийднэ. Дараа нь бүтээн байгуулалтуудаа явуулна. Тэр бүхний дараа л 1072 хувьцаа жаахан "амь орж”, бид 5, 10 төгрөгийн ногдол ашиг авч магадгүй л шинж харагдаад байна. 2020 оны сонгуулийн өмнө л гэрэлтэй мэдээ дуулдаж магадгүй болов уу. Ногдол ашгийн тухайд шүү дээ.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Н.Пунцагболд