|

Хойд хөршид очиж гал унтраасан Дархан-Уулын онцгойгийнхон

Дархан-Уул аймаг  дэд бүтэц, зам харилцаа хөгжсөн, тэр хэрээр хүн, машин хөлхөж байдаг их хөлийн газар. Байгаль очных хувьд ойн сан арвин, Хараа голоос эхлээд ус бараадаж амрах, зугаалах хүн цөөнгүй. Гэтэл түүнийг дагаад автын осол, ойн түймэр, усанд осолдох гэхчлэн хүнээс хамааралтай гамшиг, ослын дуудлага тасардаггүй ажээ. Тиймээс тус аймаг дахь Онцгой байдлын газар, гал сөнөөгч, авран хамгаалагчид онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэдэгээрээ онцлог юм.  

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар   170 албан хаагчтай. Түүн дээр ОБЕГ-аас нөхөн хангалтаар "Газель” маркийн аврах ажиллагааны нэг машинаар хүч нэмэгдүүлснээр өдгөө  21 машинтай үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн  хэмжээнд гал унтраах гурван анги, нэг аврах ангитай.   Үүнээс гадна улсын нөөцийн салбар  байдаг аж.

Дархан-Уул аймгийн хэмжээнд гамшиг ослын дуудлага он гарсаар хэд ирснийг сонирхоход,  нийтдээ 238 удаа гэсэн хариу  сонсов. Түүний дийлэнх нь обьектийн гал түймрийн дуудлага, осол аваарын дуудлага байв. Тэр дотроо автын осол толгой цохиж байгаа бол ой хээрийн түймрийн дуудлага зургаан удаа иржээ. Эрсдэл гарах онцлог бүхий энэ нөхцөл байдалд урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажилд ихээхэн анхаардаг гэдгийг  Б.Ганхүү дарга хэлэв.

Тухайлбал, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дархан-Уул  аймгийн Засаг дарга, Монгол Улсын Шадар сайдын хооронд байгуулсан гэрээний хүрээнд аймгийн хэмжээнд удирдах бүрэлдэхүүний  буюу гамшгаас хамгаалах команд  штабын сургалтыг өнгөрсөн хавар амжилттай  зохион байгуулж, 500 гаруй хүнийг хамруулжээ.

Түүнээс гадна  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар  бүтээн байгуулалтын томоохон  ажлууд  хийж байгаа аж.  Улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар гал унтраах 22 дугаар ангийн ажлын байр буюу галын депо удахгүй ашиглалтад орно. Үүн дээр аврах анги, бүлгүүд дээрээ  шинийг санаачилж, ой хээрийн түймэр  унтраах усаар шүршигч, үлээгч аппаратыг шинээр  туршиж ашиглаж үзсэн гэсэн ажил хэрэгч мэдээллүүд дуулдаж байна. 

Орон нутгийн  болоод хөрш зэргэлдээ бүс нутагт гарсан гамшиг ослын аливаа дуудлагад тус хамт олон үүрэг гүйцэтгэдэг бол өнгөрсөн намар Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр  ОХУ-ын Буриад улсын нутагт  очиж мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран ойн түймрийг амжилттай  унтраалцсан. Энэ нь нэг талаар өөрсдийн мэдлэг  чадварыг сорьсон, нөгөө талаас туршлага солилцсон онцгой үүрэг гүйцэтгэлт  байсан гэнэ. 

Урьдчисан сэргийлэх хүрээнд  шат дараатай ажил зохиож, иргэдийн дунд сургалт явуулж байгаа гэв. Өрхийн бэлэн байдлын хүрээнд л гэхэд  гал түймэр, үер усны аюулаас сэргийлэхэд юу анхаарах,  хөлдөхөөс урьдчилсан сэргийлэх чиглэлд сум, багийнхантай хамтарч,  "Дэлхийн зөн” олон улсын байгууллага, гамшгийн ослыг бууруулах төслийн хамт олонтой гар нийлэн ажиллаж байгаа ажээ.

Дархан-Уул аймгийн бас нэг онцлог бол улсын эдийн засгийг бүрдүүлэхэд том хувь нэмэр оруулдаг томоохон компани,  үйлдвэр аж ахуйн газар олонтой. Тэдэнтэй хамтран байгууллагын ажилтнуудын дунд гал түймрээс сэргийлэх  сургалт хийдэг. Мэргэжлийн анги,албадын дунд  бэлэн байдлын үзлэг байнга  явуулдаг. Энэ бүхэн  нь  иргэдийн аюулгүй байдал, амар тайвныг хангахын төлөө хэрэгжүүлж буй ажил юм.

Дархан-Уулын онцгойгийн хамт олноос жишээ авмаар, судалж хэрэгжүүлмээр туршлага бол тэд гэр хороололд  гал түймэр ихээр гарч байгаад  дүгнэлт хийж, түүнээс урьдчилан сэргийлэхийн төлөө айл өрхийг гудамжаар нь хуваан авч хяналт тавьж ажиллаж байна. Ингэхдээ амьдралын баталгаажих  төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн судалгаа гаргаж, Дархан –Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанитай хамтран 50 айлын цахилгааны  монтажийг шинэчилжээ. Ирэх онд  30 айлынхыг  шинэчлэх аж.

Тэд бүхий л боломжоо дайчилж байгаа ч зайлшгүй  тулгамдаж буй нэг асуудал бол аврах ажиллагааны багаж зэвсэглэмжид  дутмаг зүйлүүд байна.  Иймд аймгийн Засаг даргын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Солонгос улсын Гин гён  аймгаас автомашинууд оруулж ирэхээр  ярьж байгаа аж. Учир нь Дархан-Уулд зургаагаас дээш давхар бүхий өндөр барилгууд нэмэгдэх болсон. Тэгвэл өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах  өргөгч шат дутмаг юм. ЗХУ /хуучин нэрээр/ -д үйлдвэрлэсэн хуучин өргөгч шатууд нь ашиглалтын хугацаа дууссан юм байна.

Өнөөдөр цаг үеийн байдал  гэвэл тэнд  өвөлжилттэй холбоотой  мэдээллүүд шинэлэг байна. Аймгийн Онцгой комисс  энэ талаар  зургаан  удаа хуралдсан.  Энэ жил аймгийн хэмжээнд 704.1 мянган толгой мал өвөлжиж, хаваржихаар байгаа. Зэргэлдээ аймгийн нутагт  341 айл 77 мянган толгой мал оторлож байна. Өвс тэжээлийн хувьд Засгийн газрын баталсан 292 тоот тогтоолын дагуу аймгийн хэжмээнд нөөцийн 100 тонн өвс, 42 тонн тэжээл бэлдсэн.Ихэнх нутгаар 1-10 см-ийн цасан бүрхүүлтэй байгаа гэсэн мэдээллүүдийг Онцгой комиссоос өглөө.

Онцгой байдлын салбар  залуу насны эрч хүч,  эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан онцлог бүхий алба. Тиймээс  сурвалжлагын төгсгөлд аврагчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байгааг Б.Ганхүү даргаас тодруулахад "Манай аврагчид ТД ангилалаар  цалинждаг. Онцгой байдлын албанд ажилласан гэж 10 хувийн нэмэгдэл олгодог. Гамшиг осол, гал түймрийн голомтод ажилласан бол нэг хоногийг  нь 36 мянган төгрөгөөр тооцож, албан даалгавар, нотломжийг үндэслэн томилолт өгдөг. Аймгийн Онцгой байдлын  хэмжээнд 2015 онд 25 албан хаагчийг шинэ орон сууцанд оруулсан. 20 өрх эпотекийн зээлд хамрагдсан. Шинэ гал унтраах анги ашиглалтад  орвол дээрээ найман  айлын орон сууцтай байх бөгөөд орон нутагт томилогдож ирсэн  албан хаагчдаа оруулна. Түүнээс гадна аврах ангийнхан онцгой тохиолдолд олон хоногоор үүрэг  гүйцтэгээд ирэхэд амраах, сэргээн засах зорилготой  сувиллыг Зулзагын голд байгуулсан. Энэ жил аймгийн хэмжээнд олон цэцэрлэг ашиглалтад орсон учраас гэртээ хараа хяналтгүй үлдэх хүүхдийн тоо цөөрсөн, албан хаагчдынхаа хүүхдүүдийг ч  бүрэн хамруулсан” гэсэн мэдээллийг өглөө. Онцгой байдлын албаныхны  ажил үйлс үргэлж өөдрөг, Монгол Улс, монгол хүн, Дархан-Уул аймгийн иргэд цаг мөнхөд  амар тайван байг. 

Ч.Олдох

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин