Мөнгө ихээр төвлөрсөн, бэлэн мөнгөөр үйлчилдэг банк, ББСБ-ууд зохион байгуулалттай гэмт халдлагад өртөх явдал нэмэгдэж байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа. Гэмт этгээдүүд урьдчилан судалгаа хийж, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан дээрэмдэх, хулгайлах ноцтой хэрэг үйлдэх болсон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байгааг тус газраас мэдээлж буй юм.
Санхүүгийн зохицуулах хороо аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг үндэслэн аюулгүй байдлын нөхцөл хангасан хяналт, хамгаалалтын тоноглол, систем бүрдүүлсэн байхыг шаарддаг байна. Бэлэн мөнгөний гүйлгээ хийж буй ажилтны аюулгүй байдлыг хангасан хамгаалалт, бичлэгийг нэг сараас доошгүй хугацаагаар архивлан хадгалдаг хяналтын камертай байх тухай заалт журамд бий.
Иймд зохицуулалтын журам, холбогдох хууль, тогтоомжоор нэгэнт хүлээлгэсэн ажилтны болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлэхгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байх нь эрсдэл учруулж болзошгүйг ББСБ-ууд болон бусад зохицуулалттай аж ахуйн нэгжүүдэд СЗХ-оос сануулж байна.