|

Эд эхлүүлж, тэд хүртэв

 

Цаг хугацаагаар яривал ердөө гуравхан сарын дотор УИХ дахь МАН-ын нэр бүхий гишүүд намынхаа болон  Монгол Улсын төрийн эрхийг барьж байсан бүлэглэлийг түлхэн унагав.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явц зөвхөн МАН-ын ч бус, Монголын улс төрийн  түүхэнд бичигдэж үлдэхээр хувьсгал болсон юм. Гэхдээ хувьсгал гэх үү, хөдөлгөөн гэх үү гэдэг цагийн уртад тодорхойлогдох учиртай.

Үнэнийг хэлэхэд, 100-гаад жилийн түүхтэй МАН-д урьд хожид ийм явдал болж байсангүй. Энэ үйл явцын тэргүүн  эгнээнд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд нар явжээ. Өөрөөр хэлбэл, туг нь тэд байлаа.

Тэдний үйлдэл өнгөн дээрээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан ч цаанаа Монголын улс төрийн хар хүчин, 60 тэрбумынхан, "Хотын фракц” хэмээх угтаа нэг огтлолцолд нийлэх олон нэршилтэй бүлэглэлүүдэд цохилт өгсөн.

Гурван сарын өмнөөс Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар "60 тэрбумынхнаас намаа цэвэрлэе” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байлаа. Улмаар ээлж дараалан үгээ хэлцгээж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Т.Аюурсайхан нарын хувьд энэ УИХ-ын бусдаасаа өөрөөр сэтгэж, асуудлыг зөв өнцгөөс, голтой хэлдэг гишүүд нь гэгддэг.

Анх УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр  2017 оны долдугаар сарын 26-нд намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлснээ дуулгаж байв. Тэрээр "…Намын удирдлагууд наадам, зугаалгаа одоо зогсооё! Намрын их ажлаас өмнө намын дотоод асуудлаа түргэн шуурхай эмхлэх нь зүйтэй.

Гадна жагсаж байгаа нь ч, дотор суугаа нь ч асуудалд бодитой хандаж шат шатандаа алдаа оноогоо ярилцъя. Намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, бага хурлыг наймдугаар сарын 10-ны дотор хуралдуулж дотоод асуудлаа цэгцлэхийг нийт гишүүдийнхээ өмнөөс шаардаж байна” гэсэн. Энэ шаардах бичгээ долдугаар сарын 27-нд МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлж байв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2017 оны наймдугаар сарын 23-нд "…Одоо та бүхэн хар. "Эрдэнэт”-ийн 49 хувиар УИХ шийдвэрээ гаргалаа. Засгийн газар тогтоолыг хэрхэн биелүүлж байна. Үндсэн чиглэлүүд нь тодорхойгүй асар олон асуудал Засгийн газар дээр байгаа. Бонд, Монголбанк, Хөгжлийн банктай холбоотой асуудлуудад хэрхэн хариуцлага тооцов. Энэ бүхэн Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаагийн л жишээ. Нийслэлд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй маш олон сурагч байхад Засгийн газар нь танхимынхаа гишүүдэд концесс хуваарилаад сууж байна. Өнгөрсөн нэг жилээ эргээд хар. Цаг хугацаа байсан. Гомдоод байх хэрэггүй” гэж дуугарсан.

Мөн тэрээр олон нийтийн сүлжээнд "…60 тэрбумтнууд биднийг халиарчид гэж нэрлэдэг аж. Энэ нь мөнгө өгдөггүй гарууд гэсэн утга гэнэ. Ардын намд Халиарчдын хувьсгал тун удахгүй!”, "…Төрийн хөрөнгө, нүүрсний мөнгөөр их л бялуурч, эрх мэдэл, хүчний байгууллагаар их л бярдаж байна даа 60 тэрбумынхан. Олны хүч гэж бий шүү” гэх мэтээр "жиргэсээр” байсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 2017 оны наймдугаар сарын 23-нд Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсныхаа дараа "…Алдаа гаргасан хэн боловч хариуцлагаа хүлээх ёстой. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 807.8 тэрбум төгрөгөөр Засгийн газрын нэр бүхий гишүүдийн хувийн ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдэд концессын гэрээ байгуулсан. Энэ мөнгөөр бүх хүүхэд сургууль, цэцэрлэгтэй болж болно. Энэ бол жишээ” гэж байв. Ерөнхий сайдыг огцруулах гишүүдийн гарын үсэг түүний УИХ-ын гишүүний бланк дээр зурагдсан байдаг.

Түүнчлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ үйл явц эхлэхээс ч өмнө үгээ хэлсэн юм. Тэрээр 2017 оны нэгдүгээр сарын 24-нд "…"Эрдэнэт үйлдвэр” болон "Монголросцветмет” компанийн 49 хувийг төрийн өмчид эргүүлэн авч, 100 хувь улсын компани болгох санал гаргаж байна” гэж мэдэгдсэн. Энэ нь тухайн үедээ нийгэмд томоохон цочроог өгсөн гэхэд болно.

Ер нь МАН-ын дарга М.Энхболдын  өөдөөс ингэж цор цор хийнэ гэдэг саваагүй нохой саранд хуцахтай л адил байв. Ингэж байж юу болох бол гэж хүлээсэн гишүүд олон байсныг энд хэлье. Гэхдээ УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурж, энэ нь чуулган дээр 33 гишүүн болж санал өгсөн. Дээрээс нь АН-ынхан нэмэгдсэн. Ингэж Ж.Эрдэнэбатыг огцруулж, Засгийн газрыг нь унагав. Ингэснийхээ төлөө гарын үсэг зурсан гишүүд, ялангуяа Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар мөн ч их дайралт амссан даа. Ухаад гаргах асуудал ихтэй байсан бол мэнд үлдэхээргүй л хүчтэй цохилт тэдэнд ирсэн.

Засаг огцорсны дараа МАН-д "…Мэргэжлийн бус Миеэгомын Энхболдын Засгийн газар уналаа” гэсэн яриа гарчээ. Энэ нь Мэргэжлийн Засгийн газар чухам хэний удирдлагад байсныг хэлж буй хэрэг биз ээ.

Эцэст нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо. Засгийн газар нь өнөө маргаашгүй томилогдох гэж байна. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газарт тэд орсонгүй. Магадгүй, албан тушаалд шунаагүй биз. Хэрвээ сайд болъё гэж зүтгэсэн бол У.Хүрэлсүх хүссэнээр нь болгох гэж л үзэх байсан байх. Жинхэнэ шалгуураар сайд нарыг сонгосон бол энэ дөрөв лавтай орно.

Уг нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт энэ дөрвөн гишүүн багтсан бол У.Хүрэлсүхэд ч, улсад ч хэрэг болох байсан болов уу. Гэвч Засгийн газар огт өөрөөр бүрдэж,  ахмад голдуу гишүүдийг оруулж байгаа нь У.Хүрэлсүхээр улс төрд удсан гишүүдийг "цэвэрлүүлэх” бодлого хэрэгжиж байна гэж яригдаж байгаа юм.

Засаг нэгэнт ингэж бүрдэж, У.Хүрэлсүхийн гэх он цаг тоологдож эхэллээ. Тиймээс У.Хүрэл­сүх буруу яв­бал хэзээ ч сөрөөд босч ирж мэдэх ийм баг пар­ламентад байна гэдгийг мартаж болохгүй юм.

Эцэст нь нэг үгийг сануулъя. Хувьсгалыг зоригтнууд эхлүүлж, үр шимийг нь бэртгэчингүүд хүртдэг гэж…

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин