|

ТАТВАРААС ЗУГТААГЧДЫН АРМИ БУЮУ ТББ-УУДЫГ ЦЭГЦЭЛНЭ ГЭВ ҮҮ

ТАТВАРААС ЗУГТААГЧДЫН АРМИ БУЮУ ТББ-УУДЫГ ЦЭГЦЭЛНЭ ГЭВ ҮҮ

 

Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр ТББ байгуулж байна гэвэл хэтрүүлэг болохгүй.  Ингэж борооны дараах мөөг шиг олширч байгаа нь ч учиртай.  Компани байгуулбал улсад татвар төлнө. Харин ТББ-ын нэрээр үйл ажиллагаа явуулбал татвараас соёлтой аргаар хуулийн дагуу чөлөөлөгддөг. Ер ТББ нэрээ үйл ажиллагаа явуулах нь олон талын ач холбогдолтой.
Уг ТББ нь төрөөс хараат бус, ашгийн бус, нийгэм болон гишүүдийн ашиг сонирхол, үзэл бодлыг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Олон улсад энэ жишгээр явдаг байна. Харин манайд бол цэвэр ашгийн төлөө ТББ-ууд үйл ажиллагаа явуулж байна. Нэг үгээр үүсгэн байгуулагчид түүний хөрөнгийг хуваан
авах, хувьдаа ашиг орлого олох зорилгоор ТББ-уудыг ашиглаж байна.
Улсын бүртгэлийн мэдээллээр 1998 онд 1075 ТББ бүртгэлтэй байсан бол 2018 онд 18000 болж өссөн байна. Гэвч эдгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн ТББ-ын дийлэнх хувь нь үйл ажиллагаа явуулдаггүй. Учир нь  ТББ-ыг дэмжсэн тогтвортой хэрэгжүүлэх санхүүжилтийн орчин бүрдээгүйтэй холбоотой юм.
2017 оны байдлаар нийт ТББ-ын 86 хувь нь нийгэмд үйлчилдэг гэсэн бол үлдсэн 14 хувь нь гишүүддээ үйлчилдэг байна. Эдгээр Төрийн бус байгууллагууд 1997 онд батлагдсан хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойших 20 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гарсаар байна. Иймээс энэ чиглэлд анхаарах цаг болоод байгаа юм.
Өнгөрсөн сарын сүүлээр "Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 4 бүлэгтэй бөгөөд

-мэргэжлийн нэгдсэн холбооны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүрэгт түүний үйл ажиллагаа болон гишүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлж, гишүүнчлэлийн дийлэнх олонх нь мэргэшсэн төрийн бус байгууллага, хувь хүн байхаар;

-тодорхой салбарын хэмжээнд нэг мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулах ба оноосон нэрний ард "МНХ” гэсэн тодотголтой байх, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулахын тулд тухайн холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө салбарын яамандаа холбогдох материалыг хүргүүлж, Сайдын зөвлөлөөр зөвшөөрөл олгох, эсэхээ шийдвэрлэсний дараа улсын бүртгэлд бүртгүүлэх;

-мэргэжлийн нэгдсэн холбоо, төр хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг тусгаж, энэ хүрээнд төрөөс мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
 
П.ГОО
Оллоо.мн