БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүдтэй өргөтгөсөн хурал хийжээ. Хурал дөрөвдүгээр сарын 9-ны үдээс хойш болсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.
Тус агентлагийн мэдээлэлд онцлон тэмдэглэснээр, БНАСАУ-ын намын дээд байгууллагын хурлын үеэр "Чучегийн 107 оны /2018 он/ улсын төсвийн гүйцэтгэлийн тухай болон чучегийн 108 оны /2019 он/ төсвийн тухай” тайланг хэлэлцэж, баталсан байна. Уг тайланг 14 дэх удаагийн сонгуулийн Ардын дээд хурлын анхдугаар чуулганд танилцуулах юм. Умард Солонгосын парламентын депутатууд энэ сарын 11-нд чуулна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун урьд нь долоо хоногийн хугацаанд дөрвөн удаа хяналт шалгалтын айлчлал хийсэн байна. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, тэрбээр тус улсын зүүн эргийн Вонсан-Кальма бүс нутагт шинэ амралт сувиллын газар байгуулах ажлын явцтай танилцсан байна. Мөн орчин үеийн шинэ хот байгуулж буй Самжиён хошуунд, аялал жуулчлалын бүс бий болох Яндок хошуунд зочилж, Пёньян хотод нээгдэх гэж байгаа хамгийн орчин үеийн их дэлгүүрт шалгалт хийжээ.
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга урьд өмнө байгаагүйгээр идэвхтэй ажиллаж эхэлснийг ажиглагчид Ардын дээд хурлын депутатуудын анхдугаар чуулгантай холбож байна. Энэ чуулганы үеэр Ким Жөн Уны бүрэн эрхийг батлах санал хураалт явуулах төлөвтэй байгаа юм. Мөн БНАСАУ-ын удирдлагад томоохон халаа сэлгээ хийж магадгүй байна.