|

Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг улс шүү...

Доноруудаас мөнгө зээлэхийн тулд иргэдээ мөрдөж мөшгих үү...? Иймэрхүү сураг ажиг, яриа хөөрөө чих дэлсээд багагүй хугацаа өнгөрлөө. ОУВС-гийн нөхөд манайд хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн тулд Монголын банкууд дээр санхүүгийн мөрдлөг явуулахыг хүсчээ гэх утгатай. Ингэхдээ дотоодын аудитаар ч биш, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитийн компанийг гаднаас хөлслөх шаардлага тавьсан юм байна.
Сангийн сайдын хийсэн тайлбараас үзвэл Валютын сангийн нөхөд манайд санхүүжилт өгөхдөө Монголын арилжааны банкуудад активаа нэмэгдүүлэх үүрэг өгсөн юм байна. Актив гэдэг нь банкинд эргэлдэж байгаа бүх мөнгийг хэлээд байна л даа. Богино болон урт хугацааны хөрөнгө оруулалт, зээл, хадгаламж, үл хөдлөх болон бусад хөрөнгө гэх мэтчилэн.
Онолын хувьд бол "Банкны үйл ажиллагаан үр дүнд бий болсон, ирээдүйд ашиг авчирах эдийн засгийн нөөц буюу чадавхийг актив гэнэ” гэж үздэг. Тухайлбал, өнгөрсөн удаад ОУВС-гаас өгсөн дээрх үүрэг даалгаврыг гүйцэтгэж чадаагүйн улмаас Капитал банкны дампуурлыг зарласан байх жишээтэй. Гэтэл тус банкны эзэд одоо хэр нь "Манайхыг улс төрийн шалтгаантай, санаатай дампууруулсан" гэж үздэг.  
Харин энэ удаад ОУВС-гийн нөхөд банкуудын активаа бүрдүүлсэн байдалд нь шалгалт хийхийг хүсч байгаа юм байна. Банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээс гадна иргэд, аж ахуйн нэгжүүдийн дансыг нэг бүрчлэн шалгана гэсэн үг.
Монголын нөхцөлд санхүүгийн үйлчилгээний 90 гаруй хувь нь банкуудын нуруун дээр тогтдог. Тэр утгаараа Монголын бүхий л компани, иргэдийн мэдээлэл банкууд дээр байдаг.
Хуулиараа Монголбанк, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагаас өөр хэн ч харилцагчийн мэдээлэлд гар хүрэх ёсгүй. Гэтэл ОУВС "хөтөлбөр хэрэгжүүлэх” нэрээр иргэдийн хувийн мэдээлэл рүү халдахаар зэхэж байгаа нь яавч сайны ер биш. Иргэд, компанийн дансыг хяналтандаа авна гэдэг нь том зургаараа Монгол Улсын эдийн засгийг нэвт шувт уншиж байгаагаас  ялгаагүй. Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа ч хүсүүштэй зүйл биш гэдэг нь тодорхой. Тиймээс анх банкуудад активийн чанарын үнэлгээ хийх  яриа гарч эхлэх үед л Р.Амаржаргал гэх мэт туршлагатай улстөрч, эдийн засагчид шүүмжлээд байсан нь цаанаа учиртай.
Хэвлэлээр мэдээлэгдсэн албан ёсны тоо баримтаас үзвэл ОУВС манайд 2017, 2018 онд нийтдээ 970 сая ам.долларын санхүүжилт олгохоор тохиролцсон байдаг. Гэвч, өнгөрсөн 2018 онд орж ирэх ёстой 400 сая ам.долларын санхүүжилт орж ирэлгүй өдий хүрчээ. ОУВС-гийн зүгээс дээр дурьдсан "мөрдлөгийг” явуулсны дараа манайдсанхүүжилтээ үргэлжүүлэн олгоно гэж байгаа юм байна. Сангийн сайдын сүүлд хийсэн "ОУВС банкуудын капиталаа нэмэгдүүлсэн эх үүсвэрийг нь шалгах шаардлагатай гэж үзээд аудитын компани оруулахаар болсон” гэх тайлбараас үзвэл Засгийн газар сангаас санхүүжилт авахын тулд Монголын банкуудыг харилцагчидтай нь хамт "мөрдүүлэх” дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна.
Ингэхэд Засгийн газар эдийн засгаа сэргээх гэж хөтөлбөрт хамрагдсан уу, эсвэл иргэдээ мөрдөж мөшгүүлэхийн тулд өр тавиад байна уу? Дөрвөн зуун сая ам.долларын төлөө гурван иргэнийхээ мэдээллийг гаднын байгууллагад гаргаж өгнө гэдэг нэгд эдийн засгийн хувьд үр ашиггүй (аудитын компанийг хөлсөлснийхөө төлөө ч Засгийн газар мөнгө төлж таарна), хоёрдугаарт Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэнийхээ үндсэн эрхэд халдсан хэрэг болох биш үү? Ядарсан ч гэлээ, чадарсан ч бай хувийн нууцыг хуулиар хамгаалдаг улс орон шүү.
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn