|

Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр амны хаалт тараана

Аймгийн Засаг дарга C.Насанбат ОХУ-ын Улаан-Үд хотын удирдлагуудад эм, эмнэлгийн хэрэгслэлийн дэмжлэг хүссэн бөгөөд хүсэлтийн хариуд амны хаалт өгч дэмжлэг үзүүлэхээр болсон. Амны хаалтыг үнэгүй тараах аж. Гэхдээ хүн бүрт хүрэлцэх боломжгүй тул Дархан сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлж буй, амны хаалтгүй болон шаардлагатай иргэдэд хүртээмжтэй олгох шийдвэрийг гаргасан байна. Мөн төрийн үйлчилгээ авч буй иргэд, иргэдтэй шууд харьцдаг төрийн албан хаагчдад үнэгүй олгох аж.

Тус ажилд Онцгой байдлын газраас хяналт тавих бөгөөд худалдаа олон нийтийн үйлчилгээний газарт Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар Онцгой байдлын газрын хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулах, иргэдэд эрүүл ахуйн хяналтын дэглэмийг сахих, тэр дундаа бага насны хүүхдийг онц шаардлагагүй бол гадуур дагуулж явахгүй байх талаар анхааруулга сэрэмжлүүлгийг хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл сурталчилгааг сайтар зохион байгуулахыг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Насанбат өнөөдөр үүрэг болгов.
Мөн үнэ хөөрөгдсөн эмийн сан, бөөний төвтэй холбоотой гомдлыг 70371212 дугаараар хүлээн авч хэрэв тогтоогдсон нөхцөлд Тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах, аймгийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр хуралдааны шийдвэр, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1-04/01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.
Л.Отгонбаатар