|

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хандивын аяныг өрнүүлж байна

Дэлхий даяар тархаж буй шинэ коронавирусний халдварын эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн ИТХ-аас иргэддээ хандан уриалга гаргасан. 2020 оны 02 дугаар сарын 27-ноос эхэлсэн энэхүү уриалгад өнөөдрийн байдлаар 71 аж ахуй нэгж байгууллага, иргэд нэгдсэн байна.  Уриалгыг дэмжиж хандив өгсөн иргэд ААНБ-ууд бэлнээр 8.6 сая төгрөг, дансаар 6.0 сая төгрөг, 3.5 сая төгрөгийн эд материалыг өнөөдөр  аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Насанбат нарт хүлээлгэн өгсөн аж.

Сангийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд энэхүү хандивын мөнгийг төвлөрүүлж байгаа ажээ. Ингэснээр шаардлагатай, эрсдэлт нөхцөл үүссэн тохиолдолд тус мөнгийг зарцуулах юм байна. Хандивын аянд нэгдсэн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын дотор "Монгол-Оюу" сургуулийн 7 дугаар ангийн сурагчид өөрсдийн хүүхдийн мөнгийг цуглуулан амны хаалт, нэг удаагийн хувцсыг бэлэглэсэн нь онцлог байлаа.

Ийнхүү Дарханчууд нэгдэн энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа онцгой комиссын гишүүд, төрийн албан хаагчдадаа өөрсдийн боломж бололцоогоороо дэмжлэг үзүүлж эхэллээ. Иргэн, ААНБ-ууд уриалгыг дэмжиж хандив өргөх бол Да.Онцгой байдлын газар н.с-100190031401 /Төрийн сан/ дансанд шижлүүлэх болон бэлнээр өгөх ба дэлгэрэнгүй мэдээллийг 9902-4838 утсаар авах боломжтой ажээ.

Л.Отгонбаатар