|

Нарансэвстэй боомтыг сэргээх эсэх САНАЛ АСУУЛГАД 82% ДЭМЖИХГҮЙ гэжээ


Говь-Алтай аймгийн Говийн Их Дархан цаазат газарт байрлах Нарансэвстэйн боомтыг нээх гэж буй нь экологи, байгаль орчин, ургамал, ан амьтад цаашлаад бүс нутгийн аж байдалд хэрхэн сөргөөр нөлөөлөх талаар бид өмнөх нийтлэлдээ мэдээлсэн билээ.
Уг асуудлаар олон нийтээс санал асуулга авахад саналаа өгсөн 3700 гаруй хүмүүсийн
  • 82 хувь нь дэмжихгүй
  • 12 хувь нь дэмжинэ
  • 4 хув нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ.
Говь-Алтай аймгийн Говийн их дархан цаазат газарт байрлах Нарансэвстэйн боомтыг сэргээх талаар яригдаж буй. Та үүнийг дэмжих үү?
  •    Дэмжихгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийг сүйтгэж, ховордсон ан амьтдад сөргөөр нөлөөлнө.3068   
  •    Дэмжинэ. Эдийн засгийн ач холбогдолтой.482   
  •    Энэ талаар сайн мэдэхгүй байна184   
Нийт санал өгсөн: 3734
Энэхүү Говийн их дархан цаазат газар 1975 онд байгуулагдсан ба 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-ын Хүн ба шим мандал хөтөлбөрийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн, унаган байгаль, олон зүйл ховор амьтдын өлгий, дэлхийд данстай газар нутаг юм.
Иймээс 1980-аад оны үеэс
  • НҮБ-ын Хүрээлэн буй орчны програм (UNEP),
  • Байгаль, түүний нөөц баялгийг хамгаалах холбоо (IUCN),
  • Хөдөө аж ахуйн байгууллага (FAO),  
  • НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP),
  • Даян дэлхийн байгаль хамгаалах сан (GEF) зэрэг байгууллагууд олон улсын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ.
Говийн их ДЦГ-ын А хэсэг нь
  • Монгол улсын улаан ном,
  • Амьтны тухай хууль,
  • Засгийн газрын тогтоолоор нэн ховор, ховор амьтны жагсаалт,
  • Зэрлэг амьтны аймгийн ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенц,
  • Байгаль түүний нөөц баялгийг хамгаалан олон улсын Улаан ном,
  • Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенцид бүртгэгдсэн 37 зүйл ховор, ховордсон амьтад бүхий аймгийн хувьд Монгол орны төдийгүй дэлхий дахины ач холбогдолтой бүс нутаг юм.
Эдгээрийн дотор мазаалай зөвхөн Монгол оронд, хавтгай Монгол болон Хятадын нутагт  цөөн тоотой орших ба тархац нутаг нь хязгаарлагдмал, популяцын хувьд устах аюулд орсон амьтад юм. Эрдэмтдийн судалгаагаар манай оронд мазаалай 50 хүрэхгүй, хавтгай 500 толгойгоос хэтрэхгүй байна.
Байгаль хамгаалах олон улсын байгууллагын шинжээчид энэ бүс нутгийг Төв Азийн цөл экосистемийн үндсэн хэв шинжийг хэвээр хадгалж үлдсэн загвар нутаг, иймээс цаашид олон улсын цөлийн судалгааны төв болгох, машин техник, хүний хөл хөдөлгөөнөөс эрс хязгаарлаж хамгаалалтын горим дэглэмийг сайжруулж, зэрлэг амьтдын амьтдрах орчныг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.
ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ БООМТ НЭЭСНЭЭР ДАРААХ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ
Нарансэвстэйн боомтыг нээж, дархан цаазат газрын өмнөд хэсгээр улсын хилийн дагуу засмал зам тавьснаар дараах сөрөг нөлөөллийг бий болгоно.
  • Зэрлэг амьтдын тархац нутаг хуваагдах, улирлын шилжилт нүүдлийн зам хаагдах
  • Боомтоос Өргөстэйн застав хүртэлх хилийн зам дагуу байрлах Хавтгайн шанд, Энгэрийн ус, Талын мэлтэс, Нүдэн булаг, Хонхор сухайт, Бэлийн мэлтэс, Нарийн Тоорой, Сайрын шувуу зэрэг булгуудаас хавтгай, мазаалай, хар сүүлтий, хулан, аргаль, янгир зэрэг олон зүйл зэрлэг амьтад ундаалах боломжгүй болж үргэж дүрвэх, усны ундарга багасах бохирдох
  • Говийн хайр чулуугаар өнгөц бүрхэгдсэн зөөлөн хөрстэй, тачиг сийрэг ургамалжилттай цөлийн эмзэг экосистем элэгдэл эвдрэлд орж доройтон, байгалийн дахин давтагдашгүй онгон байгалиа алдана.
    /Эх сурвалж: Биологийн ухааны доктор Б.Мижиддорж/
Хол мэт сонсогдож байвч хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө:
Бид хүн амын хүнсний хангамжийг зөвхөн үйлдвэрлэж буй мах, гурил, төмс хүнсний ногоогоор хангах тухай асуудал гэж ойлгодог. Гэтэл хүнсний сүлжээ гэдэг маш том ойлголт байна.
Өөрөөр хэлбэл говийг элсэн цөл, амьдрал байхгүй, усгүй, модгүй, хүн амьдрах боломжгүй гэж хардаг ч говийн хөрсөнд асар их баялаг бий болж хуримтлагддаг нь нарны эрчим сайн байдагтай холбоотой юм. Нарны эрчмээр фотосинтезийн урвал явагдаж хүнсний сүлжээнд оролцогчид өөрсдийн үүргээ гүйцэтгэж байдаг.
Тус бүс нутагт дэд бүтцийн бүтээн байгуулалт хийснээр  ховор ургамал, амьтад устсанаар  хүнсний сүлжээнд оролцогчдыг гүйцэтгэх үүрэг алдагдах нь эргээд хүн амын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болно.
Говийн бүсэд олон боомтуудыг нээж түүгээр нүүрс тээвэрлэж байгаа боловч тус бүс нутгийн экологи хэрхэн өөрчлөгдөж, ховор ан амьтан, өвс ургамал хэрхэн устаж энэ нь эргээд түүгээр  хүн амын хүнсний сүлжээнд хэрхэн нөлөө үзүүлж байгааг тэр бүр тооцохгүй байна. /Эх сурвалж: Эдийн засгийн ухааны доктор С.Хандсүрэн/
Ургамлын аймагт нөлөөлнө:
Наран сэвстэйн боомт нь Монгол орны ургамал газар зүйн мужлалаар Алтайн өвөр говийн цөлийн тойрогт багтдаг. Энд 442 зүйлийн ургамал ургадгаас ихэнх нь  Монголын Улаан ном, Улаан дансад орж, хамгаалагдсан унаган голдуу ургамал байдаг. Тэдгээрээс 13 зүйл нь өөр хаана ч тохиолдохгүй зөвхөн энэ бүсийн ургамал болно.
Цөлийн тойрогт голлон ургах хармаг, хулс, дэрс, бургас, бударгана, хайлаас, заг, сухай, тоорой нь элсийг тогтоон барьж, элсэн манхан, дов довцог үүсгэдэг. Маш сийрэг цөөн, тоотой ургах эдгээр зүйлийг талхалж сүйтгэвэл хавтгай, мазаалай зэрэг дэлхийд нэн ховор,  бөхөн, хар сүүлт, ирвэс хулан, тахь, аргаль, янгир зэрэг Монголын ховор амьтад идэш тэжээлгүй болж үхэж хорогдох, амьдрах орон байргүй болох,  өөр нутаг хайн дайжих ба улмаар устаж үрэгдэх аюултай.
Мөн энэ бүс нутагт Монголд ховор 4 зүйлийн гүрвэл, 2 зүйлийн могой бусад жижиг мэрэгчид болон шувууд, шавьж хорхой халхлах нөмөр, орогнох үүр, хоол тэжээлгүй болсноос цөлийн экосистем тэр чигээрээ сүйдэх аюултай.  Элсэн хөрсийг барьж, тогтоож байдаг голлосон хүчирхэг үндэст шаваг, бударгана, таана, хармаг болон бүхий л төрлийн бут сөөг талхагдаж доройтон, устахад элсний нүүлт хүчтэй болж, суларсан хөрс салхинд хийсэн шар шороон шуурга нэмэгдэж, ойролцоох нутаг орон, хөрш зэргэлдээ улсад нөлөөлөн, “Монголын шар шороон шуурга”-ны аюул улам нэмэгдэнэ. /Эх сурвалж:Ургамал судлаач, Биологийн ухааны доктор Ж.Оюунмаа/
Уст цэгүүд ширгэх эрсдэлтэй
Уур амьсгалын хувьд манай орны хамгийн хуурай нутаг буюу жилд дунджаар 40мм хур тунадаж унадаг, эсрэгээр хөрсний гадаргын чийгийн уурших боломж нь орсон хур тунадаснаас хэдэн зуун хувь илүү байдаг. Жилийн дундаж температур нь +2 байх боловч агаарын үнэмлэхүй их температур +50 градусаас -60 градус хүрнэ. Энэхүү уур амьсгалын нөхцөлөөс үзэхэд, тэнд үлдсэн цөөн УСТ ЦЭГ хэрхэн ширгэж байгаа, ургамал амьтан тэсэж үлдэхэд бэрх орчинд олон зуун жилийн байгалийн шалгарлаар үлдэж хоцорсныг бэлхнээ илтгэж байна.
Гадаргын болоод гүний усны нөөцөөр тун ядмаг, эртний далбайн үлдэгдэл болох давсархаг, хужир, марцат шал тойром л дайралдана. Эрдэмтдийн баг 2023 онд 12 уст цэгийн усыг шинжилж үзэхэд маш хатуулаг ихтэй устай буюу стандартын хэмжээнээс 3,9 дахин их байжээ. Мөн бохирдлын үзүүлэлтээр стандартын шаардлага хангахгүй байгаа юм.
Хүний нөлөөгөөр зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж, хүн, мал уугаад хордох хэмжээний эрдэстэй усаар ундалж, хахир хатуу цөлд "арал" адил тусгаарлагдсантай ялгаагүй гэсэн үг. Цаашид ч ГИДЦГ-ын хамгаалагдсан бүсэд усан хангамжийн нарийвчилсан судалгааг явуулж, зэрлэг амьтдын коридор, шилжилт явагддаг газруудад нэмлэтээр усан хангамжийг сайжруулах шаардлага тулгараад байгаа юм. /Эх сурвалж: Доктор Ц.Ганчөдөр/