|

Өвөрмонголын нутагт “Богино” хэмээн алдаршсан тагнуулч Б.Чилхаа

 

Дотоодыг Хамгаалах Газраас 1925 онд Цэргийн бөгөөд хязгаарын хэлтсийн орон тоо, зохион байгуулалтыг өргөтгөн Хан Хэнтий, Богд хан, Цэцэрлэг мандал, Хан тайшир, Жаргалант, Алтанбулаг, Баянтүмэн, Дарьгангын хошуу зэрэг газруудад 14 анги байгуулж, ангиуд нь хилийн чанадад тагнуулын ажил, хил орчимд байрлаж байгаа цэргийн анги, орон нутгийн иргэдийн дотор эсэргүүцэн тагнах ажил буюу сөрөх тагнуулын ажил явуулах, хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгох үндсэн үүрэгтэй байжээ. 

Дарьганга, Замын-Үүд зэрэг улсын хил орчмын нутаг хошуудаар хууль бусаар хил зөрчих асуудал ихээхэн гарч байжээ. Тухайлбал; Дарьганга дахь ангиас хошууны хилээр 1926 онд Ард Намсрай, Дарьжав, Чимэд нар хамтран хувийн худалдаа наймааны хэргээр хил сэм нэвтэрсэн, ард Цэвээн, Зундуй, лам Гомбосүрэн нар хил нэвтрэн явж баригдсан, Дарьганга хошууны ноён байсан Нэмэхбаяр, Рэнцэн, Ваанжил хууль бус худалдаа хийсэн зэргийг дурдаж болохоор байна. 

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Дарьганга дахь ангиас хил зөрчигчдийг илрүүлэх, үйл ажиллагааг нь таслан зогсоох зорилгоор улсын хилийг хууль бусаар зөрчсөн хэргээр Дарьганга ангид хоригдож байсан Б.Чилхааг нууцаар элсүүлсэн байна. 

Б.Чилхаа нь Дарьгангад 1900 онд төрсөн, 1921-1922 онд Гомбо-Идшин гүнгийн цэрэгт явж байсан, Өвөрмонголын нутагт "Богино” хэмээн алдаршсан сайн эр байжээ. Тэрээр 1925-1927 он хүртэл Дарьганга ангид нууцаар ажиллахдаа хууль бус япон винтов 2, сум 500, ланжуу буу 1, сумны дайз 1, маузер буу 5, нагаан буу 1, сум 5-ыг илрүүлэн хураалгажээ. 

Тагнуулч Б.Чилхааг Дарьганга дахь ангиас Дотоодыг Хамгаалах Газарт татан авчирж Орос Гомбо, Егүзэр хутагт Галсандаш, Манзушир хутагт Цэрэндорж нарын хэрэг дээр ажиллуулж, түүнд тагнуулын арга, ажиллагааны талаар нилээд зүйлийг заан сургажээ.  

Ийнхүү Олноо өргөгдсөн Монгол Улсын үеэс уламжлан ирсэн сайн эрсийг тагнуулаар ашиглах явдлыг чухалчлан үзэж Өвөрмонголын нутагт "Богино” хэмээн алдаршсан тагнуулч Б.Чилхааг хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгүүлэх болсон байна.

Б.Чилхаа 1932 онд Монгол Улсаас оргон гарч, Монгол Улсын хилийг зөрчин дээрэм, тонуул үйлдэх болсон "Хөх” хэмээх Хандыг устгах, 1938 онд Бандид гэгээний хийд дэхь японы тагнуулын пунктыг устгах, 1939 оны Халх голын дайны үед Халуун рашааны төмөр замыг дэлбэлэх, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон сайн дурын морьт отрядын аюулгүй байдлыг тагнуулын аргаар болон мэдээллээр хангах үүрэг хүлээж хилийн чанадад ажиллажээ. Мөн 1940 оны сүүлчээр баруун хязгаарт дээрэм тонуулыг явуулж байсан казахын дээрэмчин И.Оспаныг устгах групп, Батхаалган дахь хятадын тагнуулын группийг устгах арга хэмжээнүүдийг удирдан зохион байгуулжээ.

Тэрээр хилийн чанадад авч хэрэгжүүлсэн тусгай ажиллагаануудыг Б.Чилхаа гардан зохион байгуулахдаа оролцох тусгай группийг өөрөө чадварлаг бүрдүүлдэг байсан байна. Тухайлбал, Батхаалган дахь хятадын тагнуулын пунктээс радио холбоотой, шифрлэгчийг олзон ирэх даалгавартай тусгай группийг Дарьгангын харьяат энгийн ард иргэдээс бүрдүүлсэн мэт боловч сайтар судлан үзвэл агтач, буудагч, газарч гэх мэтээр гишүүн болгон өөр өөрийн гүйцэтгэх үүрэгтэй байжээ. Халуун рашааны төмөр замыг дэлбэлэхэд замд таарах гол үертэй байгааг тооцон группдээ усанд сайн сэлдэг хүнийг оруулсан нь уг ажиллагааг амжилттай болгоход хүргэсэн байдаг. Мөн Тагнуулч Б.Чилхаа 1933 оны сүүлчээр Өвөрмонголын нутагт суурин нууцаар элсүүлэх хүний судалгааг хийж, суурин нууцад элсүүлэх арга хэмжээг хилийн чанадад амжилттай зохион байгуулсан байна.   

1940 оны сүүлээр маршал Х.Чойбалсан Б.Чилхаатай уулзаж "Монголын төлөө ажил хийх үү?” хэмээн асуусан байдаг. Түүний хариуд Б.Чилхаа: "Чадах юм байвал бүгдийг хийнэ” хэмээснээр Маршал Х.Чойбалсангийн итгэлтэй тагнуулч болжээ. 1940 оны 7 дугаар сард Маршал Х.Чойбалсан Б.Чилхааг дуудуулан уулзаж "Халх голын дайны үед маш их хүч гаргаж юм бүтээсэн” хэмээгээд "цаашдаа бас их ажил хийх болно” гэж Бага Хурлын Тэргүүлэгч Г.Бумцэнд дээр аваачиж "Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулжээ. 1945 оны чөлөөлөх дайны үед Маршал Х.Чойбалсан Дарьгангад зорин очиж Б.Чилхаатай уулзан ярилцаж, сайн дурын морьт отрядтай хилийн чанадад явахыг даалгасан байдаг. 

Дарьганга нутаг нь манжийн үеэс эхлэн сайн эрсээрээ алдартай байсан бөгөөд тухайн үед сайн эр хэмээгчид нь Өвөрмонгол хийгээд зүүн хязгаарын хил орчмын газар нутгийг маш сайн мэддэг төдийгүй ямарч нөхцөл байдалд зохицон ажиллаж чаддаг хүмүүс байжээ. Тэдний хамгийн гол халхавч нь "сайн эр” хэмээн Өвөрмонгол хийгээд Монголын нутагт олонд танигдсан явдал байв. Эдгээр хүмүүс бол аль ч талын тагнуулын байгууллагуудын анхаарлыг хамгийн их татдаг байжээ.

ТЕГ-ын Тусгай архивын судлаач Н.Батболд