|

Хурдаа хас: Хурдан очихдоо биш, очих газартаа амьд мэнд хүрэх нь чухал

 

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж хөдөө орон нутгаас нийслэлийг зорих тээврийн хэрэгслийн урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан, орон нутгийн замд зам тээврийн осол ихэсчээ. Тодруулбал, орон нутгийн замд гарсан ноцтой ослын талаарх мэдээллүүд өдөр ирэх тусам нэмэгдэж бид ч үүнд нь дасах маягтай болж ирэв.

Гэхдээ бид өдөр бүр хэн нэгнийгээ ослоор нөгөө ертөнц рүү илгээгээд байх олуулаа бил үү? Ноцтой ослын талаар цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэж, сэрэмжлүүлсээр байгаа ч зуурдын үхэл ар араасаа тохиосоор байна. Хамгийн сүүлийн жишээ дурьдахад, энэ сарын 15-нд буюу өчигдөр "Ар гүнт”-ээс хот орох чиглэлийн авто замд "Lexus 470” маркийн автомашины жолооч согтуугаар жолоо барьж яваад "Toyoto crown” "Land cruiser” зэрэг гурван автомашинтай мөргөлдөж нэг автомашин шатаж, нэг хүн харамсалтайгаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ оны эхний хагас жилд орон нутгийн замд нийт 402 осол бүртгэгдэж, осол, хэргийн улмаас 165 хүний амь нас хохирсон гэх.

Үүний дийлэнх нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж. Уг нь тээврийн хэрэгсэлийг жолоодож яваа эрхэмүүд маань бүгд л нас биед хүрсэн хүмүүс байдаг. Гэтэл орон нутгийн зам хурдны биш  дээр бартаа саад, хар нүх ихтэй гэдгийг тооцоолдоггүй. Үүнээсээ болж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ аюулд оруулдаг байна.

Уг нь Монголчууд бид аян замд явж  ирсэн нэгнийгээ угтахдаа "Сайн явж ирэв үү?” гэж асуудаг. Харин "Хурдан яваад ирэв үү?” гэж хэзээ ч хэлдэггүй. Гэтэл хол замд явж байгаа жолооч нар байдаг хурдаараа бие биетэйгээ уралддаг. Энэ байдал нь ганцхан секундэд ямар их хохирол учруулдгийг замын цагдаагийнхан байнга л онцолж, анхааруулдаг. Гэвч аваар ослын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Тиймээс, хайртай охиноо, хүүгээ сургуульд оруулахаар нийслэл хотыг зорьж байгаа хүмүүс минь анхаарал болгоомжтой байж, аян замд яарч тэвдэхгүй явах нь аминд өлзийтэй гэдгийг хамгийн ихээр анхаармаар байна. Хурдан очихдоо биш, аян замдаа сайн явж хүрэх нь чухал.

 Хамаг хаазаа өндөрсгөж, галзуу юм шиг давхисан, тааваараа дундаж хурдтай гэлдэрсэн хоёрын очих бариа нэг байхад цагийн ялгаа тийм ч хол зөрөхгүй шүү дээ. 

Т.Гэрэл