Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл мөн.Утга яруу гайхамшгийг эх хэлээрээ уншиж, мэдэрч, түүгээр дамжуулан дэлхий ертөнцийг өөртөө нээхгүй юм бол монгол хүн байгаад яах билээ.Аялгуу сайхан монгол хэлээрээ ярьж, бичиж чадахгүй хүнийг монгол хүн гэж хэн хэлэх, итгэх билээ. Ийн хэлсний учир нь өдгөөхүүхэд багачууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ирээдүйн улс орныг удирдагч, бүтээгчид маань эх хэлний ядууралд нэрвэгдэж, унших хийгээд сэтгэх, мэдрэхийн үгүйрэлд автаж эхэлжээ.
Үүний хамгийн наад захын нотолгоо бол жилээс жилд үзүүлэлт нь муудаж буй монгол хэл, бичгийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн. Их сургуульд элссэн ч зөв бичгийн дүрэм, хэл найруулгын алдаагаа "засаж” чадахгүй явсаар ажлын талбарт гарч буй намтар, ажилд орох өргөдлөө тоолох боломжгүй дүрмийн алдаатай, уншихын аргагүй маруухан найруулгатай юм биччихээд хээв нэг зогсож буй хэдэн мянган залуус. Үүнд нөлөөлж буй хамгийн том шалтгаан бол дунд сургуулийн сургалтын хөтөлбөр юм.
Хөтөлбөрийг өөрчлөх гэхээсээ илүү сайжруулах, хөнгөрүүлэх, агуулгыг багасгах нь чухал юм. Хүүхдээс хэтэрхий олон юм шаарддаг. Монгол хэлний хажуугаар монгол бичгээ үзэх хэрэгтэй, гадаад хэл үзэх хэрэгтэй. Гэвч чухлыг нь бага цаг оруулаад дараагийн зүйлийг илүүд үзэж олон цаг оруулдаг. Англи хэлний хичээл 7 хоногт 4 цаг байхад, Монгол бичигхоёрхон цагордог нь буруу юм. Энэ асуудал Монгол хэлнийх юм шиг боловч Монголын боловсролын асуудал юм.
Арван үгтэй өгүүлбэрт үг үсгийн найм, есөн алдаа гаргах "асуудал” биш болсныг харах хичнээн гунигтай вэ. Нар хэмээх үгэнд 61-ийн "ы” орох уу, эм үгийн "ий” орох уу гэж асуух нь жирийн л үзэгдэл болж.Дээр нь сурагчдын дунд явуулсан судалгаанаас хамгийн дургүй хичээлнь"Монгол хэл” гэж гарчээ.Зарим хүүхдүүд "Бид дүрэмд захирагдахаа больсоон” хэмээн гайхуулж байна. Нөгөөтэйгүүр монгол хэл бичгийн дүрмийг хэн дуртай нь өөрчилдөг болсон нь монгол хэлийгүнэгүйдүүлжбайгаа гэдэгтэй олон хүн санал нийлдэг.
Энэ талаар ахмад багш Д.Жаргалсайхан"Хүүхдийг бие хүн төлөвших хийгээд сэтгэн бодох, уян зөөлөн болох, ертөнцийг танин мэдэх үүд хаалгыг ардын үлгэр домог, зүйр үгс хийгээд сайхан зохиолууд нээж өгдөг. Унших бичгийн хичээлийг монгол хэлний хичээлтэй нэгтгэсэн нь сургалтын программд тодорхой ач холбогдолтой байж болох ч сурагчдад хохиролтой юм. Бага ангидаа уншаад, бусдадаа ярьж, түүнээс ч илүүг сэтгэх боломжтой зохиол, бүтээлүүдийг уншиж чадахгүй байна гэдэг тухайн сурагчид асар их алдагдал, хоцролт мөн” гэдгийг сануулж байсан.
Монгол Улс Боловсрол шинжлэх ухааны бие даасан яамтай, хэл шинжлэлийн ухааны олон зуун эрдэмтэн, мэргэдтэй мөртлөө өдгөө эх хэл минь эзэнгүй мэт байгаа нь эмгэнэлтэй.Монгол хүн бол Монгол хэл, соёлоо мэдэхгүй байх учиргүй. Тиймээс хүүхдийн гэр бүлийн хүмүүжил, цэцэрлэгээс эхлээд ЕБС-д суралцахдаа "Монгол хэл”-ний хичээлээр дамжуулаад монгол соёл, ёс заншил, уламжлалаа бүрэн эзэмшсэн, зөв төлөвшилтэй ирээдүйн монгол хүн бэлтгэн гаргах явдал юм. Үүний тулд боловсролын бодлого төлөвлөлтөөс эхлээд бусад бүх асуудлыг өөрчлөн шинэчлэх нь зүйтэй юм.Асуудлын гол нь төр засгийн бодлого алдаатай байна, болохгүй байна гээд ард олонд нээлттэй орхихоос гадна түүнээс гарч болох арга замуудыг мэргэжлийн хүмүүсийн хүрээнд хамтдаа тунгаан ярилцаж, эцсийн зөв шийдэлд хүрч, өөрчлөлт хийх цаг нь болжээ.
Г.Хулан