Монгол Улсын Засгийн Газрын 2020.02.12-ы өдрийн хуралдаанаар ОХУ-ын өмчид байсан монгол айл, өрхүүдийн түрээслэдэг байсан 550 гаруй орон сууцны барилгыг эзэмшигчдэд нь өмчлүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнд Дархан-Уул аймгийн Дөрөвдүгээр баг дахь 3,4 дүгээр байрууд багтаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР-тэй ярилцлаа.
Дархан дахь ОХУ-ын өмчид байсан хоёр орон сууцны барилгыг эзэмшиж байсан иргэд нь өмчлөх боломжтой болж байна. Тэгэхээр одоо ямар ажлууд явагдах вэ?
– Монгол улсад ОХУ-ын өмчлөлийн 1008 ширхэг орон сууцны барилга байдаг. Үүнээс 550 нь монголын талд шилжсэний дотор Дарханд байгаа 120 айлын нийт 3300 орчим м.кв орон сууц Монгол Улсын Засгийн Газрын мэдэлд, Монгол улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ирсэн. Монгол улсын Засгийн газар үүнийг авч үзээд, хувьчилж, амьдарч байгаа иргэдийнх нь өмчлөлд шилжүүлэх шийдвэрийг саяхан гаргалаа. Ойрын хугацаанд 120 өрх айл өөрийн гэсэн орон сууцтай болж өмчөө баталгаажуулна. Энэ бол ОХУ-аас бидэнд, оршин суугчдад үзүүлж байгаа маш том хүндлэл юм. Мөн тус объектод хамааралтай хоёр трансформаторын байгууламж шилжин ирсэн. Эдгээр нь манай цахилгаан дамжуулах шугамд нийлж, төрийн өмчит болно. Энэ бол маш их хөөцөлдөлгөө, маш олон яриа хэлэлцээний үндсэн дээр шийдэгдэж байгаа асуудал юм.
Дарханы хувьд сая шийдэгдсэн хоёр орон сууцнаас гадна хуучин Дархан дахь 7 дугаар байрны асуудал бас яригддаг. Энэ байрны хувьд асуудал ямар шатанд байгаа бол?
– Би 2016 онд Дархан-Уул аймгийн 43 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон. Тэр үеэс миний тойргийн сонгогчид, хуучин Дарханы иргэд, сум, аймгийн удирдлагуудаас энэ талаарх хүсэлтүүд маш олон ирж байсан. Тиймээс би УИХ-ын гишүүний хувьд асуудлыг, ОХУын Ерөнхийлөгчийн дэргэдэх Удирдлага үйл ажиллагааны удирдах газрын \Управление делами президента российский федераций\ Гадаадад байгаа өмчийн газарт буюу Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Белозёров Василий Владимировичид удаа дараа тавьж байсан. Зөвхөн энэ асуудлаар гэхэд арваад удаа уулзалт хийж, УИХ-ын гишүүний хувьд албан тоотоор 8-9 удаа асуудлыг тавьсан байдаг. Энд 3,4,7 р байруудын талаарх саналууд бий. Одоо 3,4 дүгээр байрууд Монголын талд шилжлээ. Харин 7 дугаар байр өмчлөлийн хувьд өөр учир шийдэгдэх боломжгүй байна. Энэ нь Монгол-Оросын хамтарсан Төмөр замын байгууллагад хамааралтай бөгөөд тус байгууллагын зүгээс санаачлага гаргавал Оросын тал асуудлыг эргэн харж боломжтой. Энэ байранд олон жил амьдарсан төмөр замын ахмадууд, тэдний үр хүүхдүүд байдаг гэдгээр нь оросын талтай сайн яривал нээлттэй байгаа гэж би ойлгосон.
Монголын талд шилжиж, эзэмшигчдийнхээ өмчлөлд очиход бэлэн болсон байгаа эдгээр орон сууцнуудаас гадна, компани хувь байгууллагууд гэрээгээр эзэмшдэг объектууд байгаа. Үүний хувьд ямар шийдэл байгаа бол?
– Жишээ нь Дархан дахь хуучин Орос клубын барилга нь ОХУ-ын өмч. Монголчууд түрээслээд эзэмшээд байж байна. Ийм барилга, байгууламж Монголд олон бий. Тэгэхээр цаашдаа үүнийг худалдах уу, эсвэл олон жил түрээсэлсэн байгууллага хүмүүст нь шилжүүлэх үү гэдэг ОХУ-ын хуулиар шийдэх асуудал. Оросын хувьд энд олон өмчтэй байгаад, түрээслүүлээд байх сонирхол нь бага. Энэ тодорхой. ОХУ-ын ийм өмч хөрөнгө зөвхөн Монголд ч биш хуучин социалист системийн Вьетнам, Лаос, Казахстанд гэх мэт олон улс оронд бий. Тэгэхээр эдгээрийг тодорхой болзол, үе шаттайгаар, тодорхой хугацаатайгаар тухайн улсад нь өгөх, аж ахуйн тооцоотойгоор ч юмуу шилжүүлэх бодлого баримталж байгаа талаар Монгол дахь төлөөлөгчийн газрын хүмүүс хэлж байсан. Ер нь 50-60 жилээс дээш насжилттай барилгуудыг шаардлагатай бол нураах шаардлага ч үүсч болзошгүй. Тиймээс ашиглах боломжтойг нь цаашдаа ашиглаад, боломжгүйг нь нурааж л таарах байх. Гэхдээ бид үүнд маш хүндэтгэлтэй хандах ёстой юм.
Манайх түрээсээр ашигладаг нийгмийн үйлчилгээний объектуудын хувьд Оросын тал ямар бодлого баримталж байгаа бол?
– Сая шилжиж ирсэн трансформатор одоогийн ЕБС-ын 16 дугаар сургуульд бас хамаатай. Зөвлөлтийн 4 дүгээр сургууль байсан энэ барилгыг бид түрээсээр ашигладаг. Гэхдээ түрээс нь маш бага. Бэлэгдлийн шинжтэй гэж ойлгож болно. Мөн дөрөвдүгээр баг дээр байдаг, цэцэрлэг болгохоор засварлаж байгаа хуучин прокурорын барилга мөн ОХУ-ын өмч. Бид хөөцөлдөж, холбогдох газруудтай нь ярьж түрээсийнх нь асуудлыг шийдээд одоо тус барилгад засвар үйлчилгээ оруулаад явж байна. Үүний сарын түрээс гэхэд 50 доллар. Их том байгууламж шүү дээ. Удахгүй 250 хүүхдийн цэцэрлэгтэй болно. Бид манай газар дээр байгаа гээд огт үнэгүй ашиглаж болохгүй.
Тэгэхээр шат дараатайгаар буюу эхлээд орон сууцны барилгууд, дараа нь нийгмийн үйлчилгээний чиглэлийн барилга, объектуудыг Монголд шилжүүлэхээр яриа хэлэлцээр амжилттай явж байгаа юм байна гэж ойлголоо?
– Тийм ээ. Оросууд соц үед барьж байгуулсан өмчүүдээ шилжүүлэх тал дээр нааштай байгаа. Гэхдээ тодорхой үе шаттайгаар. ОХУ-тай бид сайн хөршийн харилцаатай. Монгол улсын эдийн засаг энэ хөрш улстайгаа их холын хамааралтай. Дархан хотыг ч Оросууд барьсан. Тиймээс бид асуудалд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах ёстой юм. Тэртээ тэргүй эдгээр барилгууд монголын талд үлдэнэ. Би энэ асуудлаар маш их олон уулзсан, ярьсан. Үүнтэй холбогдуулан Оросын талаас Монгол улсад амьдарч байгаа 240 орчим цагаач иргэдийн орон сууцны асуудлыг шийдэж өгөөч гэх хүсэлтийг тавьдаг. Манайхан "местны” гэж ярьдаг шүү дээ. Монголд олон жил суурьшин амьдарч байгаа эдгээр иргэдийн асуудлыг Монголын Засгийн газар хэрхэн шийдвэрлэх талаар судалж байгаа. Тухайн үед ямар төр байснаас үл хамааран монголын ард түмэн, оросын ард түмэнтэй сайхан харилцаатай байх ёстой. Манай хоёр улс бол мөнхийн хөршүүд. Бидний үр хүүхэд ч хэдэн үеэрээ хөрш нөхөрлөнө. Тиймээс энэ ажлыг хөөцөлдөж байсан хүний хувьд энэ их сайхан арга хэмжээ боллоо гэж би харж байгаа.