|

Валютын сангийнхан ирж явна гэнэ

Манай төрийнхөн  тэдэнд  нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа танилцуулж, зөвлөлдөхөөр урьсан байх. Шинэ засаг төрийн нарийн ширийн зовлонг сонссоны дараа долларын сангийн ноёд бас цаанаа зөвлөлдөөд, манайд нэг юм хэлэх юм. 

 

 


 

"Та нар минь болохоо байжээ. Стэйндбай авах уу” гэж найрсагаар санал тавьчихгүй. Сангийн сайдын ТВ-ээр хийсэн  мэдээллийн хэмжээнд  танилцуулга хийгдвэл толгой дохингоо дотроо мушийх биз. Ам долларын урсгал жоохон тасалдахад арчаагаа алддаг эдийн засагтай хэрнээ ямар үрэлгэн, цамаан төсөвтэй явж ирснийг төвөггүй харьцуулах юм. Энэ айлчлалаас олон улсын валютын сангийн нөхдийн бидэнд өгөх зөвлөгөө тодорхой л доо.

Төсвийн хөрөнгөөр тансаглаж туйлдагаа цэгцэлж, нам төр авилгаа ялгаж салгаж, сахилга хариуцлага, хяналтын тогтолцоогоо л ханатай болгохгүй бол ам долларыг архи шиг цутгаад ч нэмэргүй гэдгийг хэлнэ. Үүн дээр хямарч хямарч хатуу гараар нь орсон Грекийг харьцуулж  жишээ татаж магад.

 

Европын холбооны шүдний өвчин болж байсан Грек бол манайдаа хямралын тун тод жишээ. 2009 онд тус улсын төсвийн алдагдал нь ДНБ-ий 15.2 хувьтай тэнцэж ирэхэд Засгийн газар нь төсвийн ажилтнуудынхаа цалинг тавьж чадахаа болиод ирсэн байдаг. Ингэнгүүт эхлээд багш, төрийн ажиллагсад ажил хаялт зарласан. Залгаад нийтийн тээврийнхэн нэгдээд хотоороо явгарсан.  Хамгийн гол нь засгийн газар нь гар сунгасан Европын  холбооныхондоо худлаа мэдээлэл өгч байсан.  Засгийн газрын бодит өр нь Европын холбоонд гаргаж өгсөн тайлангаас дөрөв дахин их байсан нь илэрч.байсан. Мөн татварын орлого нь багасаад байхадалдагдалтай төсвөө баталж халамжаа өөгшүүлсээр байснаараа Гректэй манай улс төрчидт тун төстэй.

Засгийн газрын цомхотгол хийх, татвараас бултах явдлыг зогсоох, бизнесийн үйл ажиллагаа хийхэд эерэг нөхцөлтэй улс болох, эдийн засгийг тогтворжуулах тал дээр анхаарах  зэрэг хатуу болзол амлалт авснаар Олон улсын валютын сан, Европын төв банк, Европын комисс нийлж байгаад Грек улсад хоёр удаагийн олон улсын тусламжийн хөтөлбөрөөр гар сунгаж байсан. Ингэхдээ төсвийн зардлаа 30 хувиар танаж давхар, цалин тэтгэврийг 30 хувь хүртэл бууруулах хууль гаргах төсвийн өөрчлөлт хийж төсвийн зардлаа хасах хатуу амлалт авсан. Түүнийгээ яс хэрэгжүүлж байж нэг юм дахиж зээл тусламж авч байсан. Ийм хатуу нөхцлөөр дусал залгуулж нийтдээ 240 тэрбум евро буюу 264 тэрбум ам.долларын тусламж авч байсан дуулиантайхан дампуурч үзсэн улс бол Грек байлаа. 

 

Бид ч энүүхэндээ бол Грек улсын дурсамжаас нэг их дээрдэхээргүй байдалд байгааг Сангийн сайд ил тод зарлачихаад байгаа. Дотооддоо хэрхэх талаар зөвлөлдөж, буруутнаа тодруулаад эхэлсэн тул одоо гаднын экспертүүд, олон усын валютын санд хандаад урилга заллага явуулсан байна. Тус сангийн төлөөлөл манай байдлыг задлан шинжилж хараад ямар шийдэл зөвлөгөө өгөхийг олимпийн ээлжит медал шигээ хүлээх хэрэгтэй боллоо.

 

ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ / тоймч/

Эх сурвалж: Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/472269.htm